Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлахын тулд Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 18-наас эхлэн дархлаажуулалтын сарын аяныг орон даяар өрнүүлэхээр болжээ. Үүний хүрээнд хорио цээрийн дэглэм тогтоосон газруудад бүх төрлийн тээврийн хэрэгсэл, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шалган нэвтрүүлэх түр цэгүүдийг гол зам, гүүрнүүдэд байгуулахаар болсон байна. Мөн халдварын голомтын бүс дэх малын сэг зэмийг устган, хашаа хороог цэвэрлэж, халдваргүйжүүлэх нь. Түүнчлэн халдварын голомтын ойр орчмын бүх малд шүлхийн вакцин хийхээр төлөвлөжээ. Улсын хэмжээнд одоогоор 18 аймгийн 80 сумын нутагт шүлхий өвчний улмаас хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй бөгөөд 29 581 мал тусгаарлалтад байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхоноос бусад аймагт уг өвчин ямар нэгэн хэмжээгээр тархаж, хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоосон аж. Шүлхийн тархалт эрчимтэй нэмэгдсэн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш улсын хэмжээнд 352 076 мал өвчилжээ.
Бэлтгэсэн: М.ОЧ