Францчууд Европын Холбооны хоёр дахь том эдийн засгийг удирдаж, тус холбооны хил дээр дайн болж буй онцгой чухал үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын суудалтай цорын ганц гишүүнийг хэн удирдахыг тодорхойлох Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд саналаа өглөө. Эл сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пений байр суурь бэхжиж буйд АНУ-ын Төрийн тэргүүн Жозеф Байдены засаг захиргаа санаа зовж байгаа тухай эх сурвалжууд “Politico” сонинд мэдээлэв. Түүний ялалт “Москвагийн эсрэг Өрнөдийн эвслийг тогтворгүй болгож”, бусад улс НАТО-д элсэх талаар дахин бодоход хүргэж болзошгүй гэж тэд эмээж буй. Францын одоогийн Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ялсан ч Европын бусад удирдагчид сөргөөр нөлөөлнө гэж АНУ-ын Төрийн тэргүүний зарим зөвлөх үзэж байна гэж “Politico” бичжээ. Тэд улс төрийн ирээдүйдээ санаа зовоход хүрч болзошгүй аж.
Сонгуулийн эхний шатанд Францын 48 сая гаруй иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Эл шатанд тус улсын төрийн дээд албан тушаалд өрсөлдөх 12 нэр дэвшигчээс хоёрыг нь тодруулна. Тэд хоёр долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-нд хоёр дахь шатанд өрсөлдөнөө үргэлжлүүлнэ.
Сонгуулийн өмнөх санал асуулгаар эрх баригч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, одоогийн Төрийн тэргүүн Эмманюэль Макроныг дэмжих бодолтой байгаагаа сонгогчдын 26 хувь нь илэрхийлжээ. Түүний гол өрсөлдөгч Марин Ле Пений төлөө 25 хувь нь саналаа өгчээ. Таван жилийн өмнө болсон сонгуульд ч тэд өрсөлдөгчид байсан.
Хоёр дахь удаагаа нэр дэвшихээр шийдсэнээ эцсийн мөчид зарласан Макрон сонгуулийн өмнөхөн ганцхан удаа хэвлэлийн хурал хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж цуглаан хийн, сонгуулийн штабынхантайгаа уулзжээ. Тэрбээр Украины асуудлаар яриа хэлэлцээ хийх, Европын Холбоог Франц даргалах болон бусад яаралтай төрийн үүрэг даалгавар гээд завгүй байв. Энэ бүхэн түүний нэр хүндэд нөлөөлөх нь дамжиггүй. Харин Марин Ле Пен францчуудын хувьд одоо онцгой анхаарал хандуулж буй сэдэв буюу эрчим хүч, хүнсний хямралын үед худалдан авах чадварыг хамгаалах талаар хөтөлбөртөө тусгажээ. Өрнөдийн орнуудын хүн амд илүү их хохирол учруулахаар хориг арга хэмжээг Оросын эсрэг авахгүй байхыг тэрбээр уриалав. Сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр Европын Холбоог шинэчилж, ирээдүйд илүү бүрэн эрхт улсуудын нэгдэл би болгох бодолтой байна. Ле Пен Европын комиссын амьдралаас тасарсан, хүнд суртлын бодлогыг хатуу шүүмжилдэг. Франц бүрэн эрхт байдлаа харуулж, НАТО-гийн цэргийн нэгдсэн командлалаас гарах шаардлагатай гэж тэрбээр үздэг.
Төрийн тэргүүний эл сонгууль нь Тавдугаар бүгд найрамдах улсын түүхэнд 12 дахь удаагаагийнх юм. Тус улс Ерөнхийлөгчөө долоон жилийн хугацаатай, уг албан тушаалыг ганц удаа хаших эрхтэйгээр сонгодог байсан. Харин 2000 онд явуулсан бүх нийтийн санал хураалтын дараа бүрэн эрхийг таван жилээр хязгаарлаж, улиран сонгогдох боломжийг нээжээ.