“Kinder surprise”, “Kinder happy mo¬ment”, “Kinder mini egg” зэрэг шоколадан бүтээгдэхүүн салмонелла нян агуулсан байж болзошгүйг олон улсын “Инфосан” сүлжээнд мэдээлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Ийм тохиолдол Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгджээ. Тодруулбал, уг бүтээгдэхүүн нянтай байж болзошгүй 134 тохиолдол илрүүлснээс 105 нь батлагдсан байна. Халдвар авсан авсан хүмүүсийн олонх нь 10 хүртэлх насны хүүхдүүд аж. Нянгийн халдварын эхний тохиолдлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Британид илрүүлсэн гэнэ. Салмонелла нянгаар бохирдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Британи зэрэг оронд худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, ирэх есдүгээр сарын 6-нд хугацаа нь дуусах “Kinder mini eggs”, мөн энэ сарын 10, 13, 20, 27, зургадугаар сарын 26, 30, долдугаар сарын 11, 12, 15, 20, 31-нд хугацаа нь дуусах “Kinder surprise” зэрэг бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татаж буй аж. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд дээр дурдсан хугацаанд хамаарах бүтээгдэхүүнийг зах зээлд худалдахгүй, иргэд худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэв. Ташрамд дурдахад, салмонелла нян хүний биед орсноос дунджаар 6-12 цагийн дараа халуурах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг.
Бэлтгэсэн А.Тайшир