Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс анх удаа хамрагдах талаар БШУЯ-аас мэдээллээ.
PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
“PISA – 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгоно. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Зохион байгуулах хугацаа: 2022.04.11-2022.05.14
Хамрах хүрээ: 196 сургуулийн 7300 сурагч Үр дүн: 2023.12 сард зарлана
Эх сурвалж: БШУЯ