Хичээлийн жил өндөрлөхөд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед боловсролын бүхий л шатанд ахиц, дэвшил юу байгааг дүгнэж, сайжруулах чиглэлд хүчээ нэгтгэн урагшлах бодлого баримтлах нь зүй. Боловсролын багц хуулийг УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийг батлахын өмнөболовсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийснээр хүртээмж, чанар, үр нөлөө нь тухайлбал, 2030 он гэхэд хэрхэн сайжирсан байх талаар БШУЯ, харьяа байгууллагуудын зүгээс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсаар ирсэн.
Багц хуулийн төсөлд их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол олгодог сургалтын төвүүдийн үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрийн чанарын тухай хэрхэн тусгасан бол. Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаны, сургаж төгсгөсний үр дүнг хаанаас олж харах вэ гэхээр шаардлагатай ажлын байранд мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин байршив уу, үгүй юү гэдгээр хэмжих буй за. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд онц чухал хоёр салбарт өрнүүлж буй, эхлүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтууд шаардлага хангах мэргэжилтнээр дутах төлөвтэй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Эхнийх нь төмөр зам. “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” цогцолбор төслийг энэ оны долдугаар сарын 1-нд хэрэгжүүлж дуусгах бөгөөд монголчууд өөрсдийн хүчээр бүтээн байгуулж буй уг замаар нүүрс тээвэрлэснээр уурхайн амнаас тонн тутмыг нь 74 ам.доллароор борлуулж буй нүүрсний үнийг 120 ам.долларт хүргэх боломжтой юм билээ. Энэ чиглэлийн төмөр замд 2500 гаруй ажлын байр бий болох ч бүгдэд нь хариуцлагатай ажиллах боловсон хүчнийг өнөө хэр олоогүй байгаа гэв. Үүнээс гадна Зүүнбаян-Тавантолгойн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээж авах болно. Эдгээрээс Ханги, улмаар БНХАУ-ын Мандал өртөө хүртэлх замаар төмрийн хүдэр тээвэрлэж экспортлох, мөн импорт болон ачаа дамжин өнгөрүүлэх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын шинэ гарц үүсгэх хүрээнд 1600 гаруй ажлын байр бий болох аж. Эдгээрт тууштай ажиллах хүний нөөц бүрдүүлэхэд амаргүй байгаа тухай саяхан, “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтуулж зохион байгуулсан “Боомтын сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс мэдээлсэн юм. Чухамхүү ийм л талбарт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг Төмөр замын дээд сургууль сургаж, төгсгөж баймаар. Уг нь хүүхдүүд сурдаг байх, төгсгөдөг ч болов уу. Тэгээд хаачдаг вэ. Тус сургууль жилд ямар мэргэжлээр хэдэн оюутан төгсгөдөг тухай албан ёсны мэдээлэл авах гэж хүссэн ч Сургалтын албаны зүгээс “Нээлттэй хаалганы өдөр”-т бэлтгээд завгүй байна. Дараа өгье. Албан бичгээ ирүүлээд файлаар аваарай” гэсэн уцаартай хариугаар амаа таглуулсан юм. Хандлага ямар байна, харах зүг тийм байдаг гэдэг.
Дараагийн асуудал бол үйлдвэрлэлийн технологич инженерүүдийг хэрхэн сургаж, бэлтгэдэг тухай юм. Энэ чиглэлд элсэлт ахиу авдаг бөгөөд түүх, туршлагад нь найдаж болох нь ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль билээ. “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын өмнө болсон “Хөнгөн, хүнсний үйлдвэр” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тус сургуулийн төлөөлөл “Засгийн газраас аймгуудад мах боловсруулах үйлдвэр барихаар болсон. Тэдгээрт ажиллах хүнсний технологич хангалттай бий бил үү” гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Үүнээс тус сургуулийн үйл ажиллагааны талаар бодолхийлэхэд хүрсэн юм. Магадгүй тус сургууль махны чиглэлийн инженер технологич олноор бэлтгэж, төгсгөхөөр завдаагүй байсан байж болох юм. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө оюутан элсүүлэх үед нь эдгээр үйлдвэрийн сураг байгаагүй байж болно. Тийм байлаа гэж бодоход Засгийн газар нэгэнт шийдвэр гаргаад, ажлыг эхлүүлсэн бол их, дээд сургуулиуд тэр даруйгаас шаардлагын дагуу энэ чиглэлд оюутан олноор элсүүлж, сургаж эхлэх ёстой. Энэ тухайгаа Засгийн газарт мэдэгдэж, цаашид уялдаа холбоотой ажиллах учиртай. Технологич инженерүүдийг бэлтгэхэд шаардагдах хугацаа нь үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах хугацаанаас их байх аваас боловсон хүчин хоцрох нь мэдээж. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлөөлөл үүнд эмзэглэсэн байж болох юм. Байдал ийм болсон үед ямар зохицуулалт байж болох вэ. Барьсан үйлдвэрүүдээ нээлгүй, мэргэжилтнүүдээ төгсгөхийг хүлээх үү. Эс бөгөөс гадаадаас залах уу, үгүй бол ахмад технологчидыг орчин үеийн мэдлэгт сургаж ажиллуулах уу.
Энэ талаар Боловсролын хүрээлэнгээс тодруулсан юм. Тус хүрээлэнгийнхэн “2014 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад их, дээд сургууль хүртэлх бүхий л шатанд агуулгыг хөтөлбөрөөр олгодог болсон. Төвлөрлийг сааруулах зорилгоор их, дээд сургуулиудад аль чиглэл, мэргэжил, хөтөлбөрөөр ямар мэргэжилтэн бэлтгэх эрх чөлөөг нь өгсөн. Тийм болохоор сургуулиуд төгсөөд хаана, хэрхэн ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхээ хөтөлбөрөөрөө шийднэ. Төрийн захиргааны төв байгууллага буюу БШУЯ-наас манай улсад ямар чиглэлийн мэргэжилтэн түлхүү хэрэгтэй байгааг судалгаагаар тогтоож зарладаг л даа. Мөн ХНХЯ-ны дэргэд ч энэ чиглэлийн судалгаа хийдэг нэгж бий. Их, дээд сургуулиуд эдгээр байгууллагуудын гаргасан судалгааны дүнг үндэслэж оюутан элсүүлдэг. Гэхдээ сургуулиуд сургалтын хөтөлбөртөө тусгах хамгийн эхний шаардлага бол улс орны нийгэм, эдийн засгийн хэрэгцээ юм. Тийм болохоор энэ тохиолдолд Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны ойрын, алс ирээдүйн ач холбогдлыг үнэлээд, шаардлагын дагуу мэргэжилтэн бэлтгэх л болно. Хуулиар тийм үүрэг хүлээсэн. Их, дээд сургуулиудад нэг асуудал байдаг. Ахмад багш нар нь “Би ийм л хичээл заана, үүнээс өөрийг бол үгүй” гээд, хоцрогдсон, өөрөөр хэлбэл, хэрэггүй болсон агуулгыг заах гээд байдаг талтай. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн энэ эринд их, дээд сургуулиуд ийм багш нараа цалинтай байлгахын тулд ажиллах уу, аль эсвэл багш нараа дахин сургаад, хөгжүүлээд явах уу. Үгүй бол өөр арга зам бодох уу гэдгийг ч шийдэх ёстой. Ямартай ч их, дээд сургуулиуд суралцагсдад хангалтай мэдлэг олгох үүргийг мөн хуулиар хүлээсэн” хэмээв.
Энд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болон ажлын байртай холбоотой хоёр л жишээ татлаа.
Манай улсад нэг үеэ бодвол инженерийн чиглэлд оюутан сургах нь нэмэгджээ. Их, дээд сургуулиуд 2020 онд инженер мэргэжлээр 4061 оюутан төгсгөсөн байна. Тэднээс чухам хэд нь шаардлагатай ажлын байранд очиж чадсан бол. Харьцуулалт болгох үүднээс зарим мэргэжлээр төгсгөсөн байдлыг харуулъя. Өнгөрсөн онд улсын хэмжээнд хүмүүнлэгийн ухааны чиглэлээр 253, урлагийн төрөл, урлаг судлалаар 995, хууль, эрх зүйгээр 3153, худалдаа, бизнесийн удирдлагаар 9794 оюутан төгсжээ.
Их, дээд сургуулиуд улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцүүлэн мэргэжилтэн бэлтгэх үүрэгтэй гэдгийг дахин дурдъя. Нийгэм, эдийн засгийн гэдэгт цаг үеийн шаардлага нэн тэргүүнд хамаарна. Их, дээд сургуульд суралцагчдын академик мэдлэг, мэдээлэл төгсөх үед нь аль хэдийн хуучирсан байх нь энүүхэнд болжээ. Тиймээс дээд боловсролын байгууллагуудын менежмент, соёл, сургалт, үйл ажиллагаа нь оюутнуудад хүн болох, зөв дадал, суралцах арга барилд суралцах боломж олгох, сургалтын хөтөлбөрийг өөрийн онцлог, давуу талд суурилан тасралтгүй хөгжүүлж, мэдээллийн технологийг ашиглан, хэрэгжүүлэхээс төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, сургуулийнх нь хувь заяа ч хамаарах болжээ.
Мэргэжлийн боловсролтой ажилчин бэлтгэх нь чухал. Гэхдээ түүнээс илүүтэй шинжлэх ухаанч, харилцаа холбооны технологид нэвтэрсэн, судалгаа боловсруулалтын өндөр ур чадвартай дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд их, дээд сургуулиуд онцгой анхаарах цаг үе ирсэн. Засгийн газрын гэнэт шийдсэн хөтөлбөр болон их, дээд сургуулийн мэргэжилтэн бэлтгэж, төгсгөх хугацаа “зай, завсар” ихтэй байх зэрэгт ямар зохицуулалт байж болохыг ч анхаармаар аж. Үүнийг л боловсролын багц хуульдаа сайн тусган хэрэгжүүлэх цаг иржээ.