Өсвөр нас нь хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч нас баралт, өвчлөл, осол гэмтэл түгээмэл тохиолдож байна. Хорт бодисын хэрэглээ, донтолт, хоол тэжээлийн байдал, хөдөлгөөний дутагдал, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэлд өртөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагддаггүй зэрэг асуудлууд нь тэдний амьдралын дараагийн үеүдийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Өсвөр насныханд тохиолдож буй нас баралт, өвчлөл, осол гэмтлийн шалтгааны ихэнх нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байдаг. Өсвөр нас бол хүүхэд наснаас насанд хүрэх өсөлт, хөгжлийн чухал үе шат бөгөөд эрүүл мэндийн үндэс суурийг тавих чухал үе. Өсвөр насанд явагдах бие махбод, сэтгэлзүй-танин мэдэхүй, нийгмийн хурдацтай өөрчлөлт хөгжил нь тэдний мэдрэмж, сэтгэн бодох, шийдвэр гаргах, хүрээлэн буй ертөнцтэй харилцахад нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд НҮБХАС-гийн дэмжлэгтэйгээр өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй, тохилог орчин бүрдүүлэх, өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүдийг ЭХЭМҮТ-ийн харьяа Өсвөр үеийн эрүүл мэндийн лавлагаа төвд 14 хоногийн ажлын байрны сургалтад хамруулж, өсвөр насны охид, хөвгүүдийн онцлог асуудлаар болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх ур чадварыг эзэмшүүлэх, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ахиц гарган ажиллаж байна. Гэсэн хэдий ч өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гаргасан тушаал шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, өсвөр үеийн төвүүдэд ажиллах хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, өсвөр үеийн эмч нарын харьяалал эмнэлэг бүрт ялгаатай байна. Иймд “өсвөр үеийнхэНд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” хэлэлцүүлгийг зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Мөн “Гүнж” ТББ-аас “Охидын үзлэг охидын эрхийн зөрчил болох нь” илтгэлийг танилцуулж, олон улсын байгууллагаас гаргасан уриалгад нэгдэн, хамтран ажиллахыг уриаллаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр гарсан санал, зөвлөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн, хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл зөвлөмж өгөв.