Ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг үзэх, татаж авах, ажил, мэргэжил, индекс, кодоор хайх боломжтой боллоо. Тодорхой хэлбэл, ажил, мэргэжлийн бүх нэмэлт, өөрчлөлтийг цахим хувилбарт орууллаа. Олон Улсын Ажил, мэргэжлийн стандарт ангилал /ISCO-08/ нь 2008 онд шинэчлэгдэн батлагдсан. Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/ нь ISCO-08-ын үндсэн бүтцийг авч, нэгж бүлгийн ажил, мэргэжлийн ангиллыг үндэсний индекс/кодоор баяжуулан 2010 онд батлагдсан. ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2017-2021 онд нийт 548 ажил, мэргэжлээр салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг улс орны хэмжээний дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг.
Тухайлбал:
-Хүн ам, орон сууцны тооллогыг чанартай явуулах;
-Хөдөлмөр эрхлэлтийн статистик, судалгаа шинжилгээнд;
-Ажиллах хүчний бүртгэл, хадгалалт, харьцуулалтад шаардлагатай мэдээллийн эргэлтийг хангах үүрэг бүхий хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд;
-Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг шинжлэх, ажлын байр ба мэргэжлийн боловсрол, сургалтын прогноз
-хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад;
-Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай жишиг ажлын байр, холбогдох ажлын байрыг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.