Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээн жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор болдог. Зэвсэгт хүчин, хилийн, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан энэ тэмцээнд оролцохоор алба хаагчдаа сонгон бэлтгэл хийлгэж буй.
Ийн бэлтгэл хийж байсан хугацаат цэргийн алба хаагч өндрөөс унаж хүнд гэмтжээ. Баянзүрх дүүргийн нутаг, Хужирбулан дахь зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сургалт бэлтгэлийн төвд хүндэт харуулын 032 дугаар ангийнхан бэлтгэл хийж эхэлсэн аж. Энэ үеэр 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Б.Г гурван метрийн өндөрт бэхэлсэн ган татлага (тросс)-аар дамжиж явахдаа унаж, нуруундаа хүнд гэмтсэн байна. Өдгөө түүнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Бэлтгэсэн: Г.ОРЧЛОН