Сүхбаатарын буюу төв талбайд өнөөдөр иргэд цуглаж, үнийн өсөлтийг эсэргүүцэж, тайван жагсаал хийхээ мэдэгдсэн. Тэгвэл тэдгээр иргэний эсрэг төр хүч хэрэглэнэ гэсэн агуулгатай мэдээлэл гараад байна. Улмаар цагдаагийн алба хаагчдын жагссан зургийг цахим орчинд байршуулжээ. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс хариу тайлбар өглөө. Уг тайлбарт "Цагдаагийн алба хаагчид энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-наас энэ сарын 7-ны өдрийн өглөө алба хаагчдад дүрэмт хувцасны үзлэг зохион байгуулж буй үеийн зургийг хөндлөнгөөс авч “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс Төр хүч хэрэглэх үү? Үүрийн 5 жингээс л ингэж цуглуулан бэлэн байдалд байлгасан гэх... Ямар дайн самуун биш дээ” гэх мэдээлэл нийтэлсэн нь худал, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл болно" гэж бичжээ.