Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч хуулийн дагалдах журмуудыг саяхныг хүртэл гаргаагүй байсан юм. Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван сарын дараа л дагалдах журмууд нь тодорхой болов. Тухайлбал, шинэ хуулийн хүрээнд дөрвөн журам, гурван дүрэм, дөрвөн аргачлал, гэрээний гурван загварыг Засгийн газрын тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан байна. Эдгээрийн дотор ажил олгогчдод нэн шаардлагатай Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох болон Ажлын цагийг нэгтгэн бодох журам, цалин хөлс тооцох, ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал зэргийг багтаажээ. Жишээ нь, 2000 онд баталж, өдий хүртэл мөрдүүлж байсан журмаар бол ажилтны ээлжийн амралтын цалинг сүүлийн 12 сарын дунджаар тооцож олгодог байв. Тэгвэл шинэчилсэн журмаар бол өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалингийн нийлбэрээр тооцохоор болжээ. Эрх зүйн зохицуулалтаас гадна байсан, ажилласан хугацааныхаа цалин хөлсийг авч чаддаггүй зэрэг олон асуудалтай тулгардаг байсан туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтны хөдөлмөртэй холбогдох заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлан тусгаснаараа онцлог байсан. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг баталжээ. Тодруулбал, туслах малчинтай байгуулах гэрээний загварт хөдөлмөр эрхлэх нийт хугацаа, цалин хөлс, ажил эхлэх, дуусах цаг зэргийг ч нарийвчлан тусгахаар боловсруулсан байна.
Бэлтгэсэн: М.Оч