ОХУ-ын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин албан тушаалаасаа огцорсон тухай “РИА Новости” дамжууллаа. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимаковагийн хэлснээр Д.Медведев холбогдох тушаалд гарын үсэг зурсан гэнэ. Зарим хэвлэлд мэдээлснээр А.Кудринийг огцруулах саналыг Д.Медведев биш В.Путин гаргасан байж магадгүй аж.
2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Д.Медведев Ерөнхий сайдаар томилогдвол түүний удирдлага дор ажиллахгүй гэдгээ А.Кудрин АНУ-д айлчлах үедээ мэдэгдсэн билээ. Өнгөрсөн бямба гаригт болсон Нэгдсэн Орос намын их хурлаар ирэх 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас В.Путин нэр дэвшихээр болсон. В.Путин дахин Ерөнхийлөгч болбол Д.Медведев Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хэмээн ажиглагчид онцолж буй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр А.Кудрин Ерөнхий сайд болох хүсэлтэй байсан гэнэ.
Д.Медведевт А.Кудриний мэдэгдэл таалагдаагүй тул түүнийг сонгуулиас өмнө албан тушаалаас нь халах шаардлага гарсан гэж тоймчид бичжээ. Сүүлийн 11 жилийн турш Сангийн сайдаар ажилласан А.Кудрин огцорсон нь тус улсын бизнесийн хүрээнийхнийг сандаргаж байгаа аж. “Хөрөнгө оруулагчдын хүндэтгэлийг хүлээсэн, туршлагатай, хариуцлагатай Сангийн сайд огцорсон нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь” хэмээн “Wall Street Journal” бичжээ.
Үүний зэрэгцээ Оросын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулагчдаас шууд хамааралтай болсон энэ үед ийм шийдвэр гаргасан нь эрх баригчдын хувьд тун эрсдэлтэй алхам боллоо гэж шинжээчид үзэж байна.
Х.Од