Дархан-Уулын замаар яваад ирэв. Хотоос гармагц дөрвөн эгнээ “ганган” хар замаар хэсэгхэн явж байтал хуучных шиг хоёр эгнээ, гэхдээ засаж, янзалсан гоё замаар явсан. Нэг мэдэх нь ээ түр тавьсан шороон замаар тоос манаруулан давхиж гарлаа. Зорьж анзаарвал “Торлогт” жуулчны бааз гэсэн хаяг харагдсан. “Гоё” гэж онцолж буй нь АХБ-ны санхүүжилтээр чихдаа болгоомжтой байхаар юм билээ. Энхэл донхол, дэржигнүүртэй. Заримдаа ойр яваа машин харагдахгүй байх талтай тул нэг мэдэхнээ “хацар”, “хацраа” нийлүүлчихсэн байхыг үгүйсгэхээргүй.
Мөдхөн л хэдийнээс нааш мэдэх болсон “Урьхан” зоогийн газрын ойролцоо очсон байлаа. Түүнийг өнгөрмөгц өнөөх гоё зам угтсан нь мөн түрүүнд дурдсанчлан АХБ-ны санхүүжилтээр шинэчилсэн замын хэсэг. Тэнд хүрээд уг байгууллагаар овоглосон төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын I, III, V хэсгийн замын нэгдүгээр шатны барилгын ажлыг дууслаа хэмээн мэдээлж байсныг санав. Ингээд цаашаа Сүмбэрийн уулзвар хүртэл гоё замаар жирийсэн юм.
Харин Сүмбэрийн уулзвараас цааш шороон замаар тоос манаруулж эхэлсэн. Энэ нь замын, өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын IV, дахин тендер зарлаж гүйцэтгэгч компанийг шинээр ажилуулж буй хэсэг юм билээ. Энд зам засаж, шинэчлэх ажлыг “Чайна гео инженеринг”, харин өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Шанхай констракшн” гүйцэтгэж буй аж. Ийнхүү хэсэгтээ гоё замаар давхин түр тавьсан шороон замаар дэржигнэсээр, ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй, зөвлөн хянаж байгаа, мөн санхүүжүүлэгч субъектүүдийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсан юм.
Ийн сурвалжлах болсон нь хэдхэн өдрийн өмнө үндэслэлтэй, үгүй нь тодорхойгүйгээр цацсан “Дархан-Уулын зам санхүүжилтгүй суух нь” гэсэн мэдээллийг газар дээрээс нь тодруулах зорилготой. Энэ талаар ажлын талбар дахь удирдах ажилтнуудаас асуухад бүгд л “Одоогоор ажил ч, санхүүжилт ч хэвийн байна. Гүйцэтгэлээрээ мөнгөө авч байгаа. Санхүүжилт хэцүүдлээ гэсэн мэдээлэл, сураг одоогоор алга“ гэж байлаа.
Зам засаж, шинэчлэх эгнээ нэмж өргөтгөх ажлыг хувааж авсан, захиалагч ЗТХЯ-тай гэрээ байгуулсан компаниуд өдгөө үлдээд буй 202.4 км замыг 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад иж бүрэн хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн юм билээ. Гэхдээ тэд олон нийтийн дундах хүлээлт, зөв, буруу ойлголт, элдэв хэл ам гэсэн хүчин зүйлүүдийг хамтын хүчээр нэг тийш болгох зорилгын дор эв саналаа нэгтгэснээр аль ч төсөл, байгууллагынхан ажлаа гэрээт хугацаанаас өмнө дуусгахын төлөө байгаа аж. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд тус тусын ажлаа дотооддоо оновчтой зохион байгуулж, тухайлбал, 24 цагийн турш ажиллах гэх зэргийн тактикаар “дайрвал” төлөвлөж байгаачлан ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээх боломжтой гэнэ. Хөдөлгөөн нээх гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн нээсэн ч замын зураас, тэмдэглэгээ тавих зэрэг ажлыг ирэх хавар нь үргэлжлүүлэн хийхээр үлдээх магадлалтай аж.
Дахин тайлбарлах хэрэгтэй санагдана. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил нь хоёр хэсгээс бүрдэж буй. Нэг нь замд их засвар хийж, шинэчлэх буюу бидний мэдэх асфальтан замыг хуулан, дахин боловсруулж, шинээр хучих. Үүнийг АХБ-ны санхүүжилтээр хийж буй. Харин нөгөө нь замыг өргөтгөн, шинэчлэх ажил юм. Бидний мэдэх замыг боломжтой газарт хоёр тал руу нь тэлэх, тийм нөхцөл үгүй бол тусад нь нэмэлт хоёр эгнээ зам барих гэсэн хоёр янзаар өргөтгөж буй аж. Үүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй.
Нийт 204 км замыг таван хэсэг болгон хувааж, тус бүрт нь тендерт ялсан компаниудыг ерөнхий гүйцэтгэгчээр 2019 оноос ажиллуулж буй бөгөөд дийлэнх нь БНХАУ-ынх аж. Аль аль ерөнхий нь анхнаасаа туслах компаниудын хамтаар ажлаа эхлүүлсэн байна. Туслан гүйцэтгэгчдийн дунд монгол компани дийлэнх. Ташрамд дурдахад, замын эхний, Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын газар нутаг дахь Хар модотын давааны ар хэмээх газар хүртэлх хэсэгт (албан хэллэгээр бол багц) БНХАУ-ын нэгэн компани ажиллаж байж. Захиалагч тал буюу ЗТХЯ-ны зүгээс тэднийхтэй төлөвлөсөндөө хүртэл гүйцэтгэж чадахгүй байсан гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцалж, дахин тендер зарлахад манай улсын “Арж капитал” ХХК ялснаар ажлаа өнгөрсөн оны намраас эхлүүлжээ. Ахлах инженер П.Дөлгөөнтэй уулзахад “Энэ оны хоёрдугаар сарын 10-наас бутлуурын, түр замын засвар, арчлалтын зэрэг ажлаа эхэлсэн. Асфальт хуулах, дахин боловсруулах зэрэг ажлыг одоо л эхлэх гэж байна. Газар хөлдүү хэвээр байна л даа. Эхний ээлжид хэрэг болох өөрөө ачигч, индүү, экскаватор, тэгшлэгч, холигч зэрэг техникээ бүгдийг татсан. Хүн хүч дайчлаад ирэх арваннэгдүгээр сар гэхэд хариуцсан ажлаа дуусгах зорилттой байна” гэлээ.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд өдгөө засаж, өргөтгөн нэг мөр бүтээн байгуулалт болгон хүлээлгэж өгөх 202.4 км зам буй. Дарханаас тооцвол эхлэл нь гэж ойлгох 1.7 км замын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй тул цаашид засах 202.4 км зам буй гэж ойлгох юм байна.
Нийт зайг, өөрөөр хэлбэл, замыг таван хэсэгт хуваасан, тэдгээрт өөр өөр байгууллага ажиллаж буй талаар уншигчид мэдэх боллоо. Тэдгээрийн ажлын явцын тухай дурдъя.
Нэгдүгээр хэсэг гэдэг нь Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Хар модотын давааны ар хэмээх газар хүртэлх 37.28 км зай юм. Нийслэлээс гараад 10 орчим км зайд дөрвөн эгнээ хар замаар явдаг. Үүнийг хэдийгээр бүрэн дуусгаагүй ч хөдөлгөөн нээгээд байгаа аж. Өнгөрсөн намар цаг агаарын байдлаас хамаараад хоёрдугаар үеийн асфальтыг өдгөө буюу дулаарахад тавьж, зураас, тэмдэглэгээ зэргээр тоноглохоор үлдээсэн юм байна. Одоо эдгээр ажлыг хийхдээ замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаахгүй.
Ер нь замыг хоёр янзаар дөрвөн эгнээ болгож буйг бас дахин хэлье. Суурин газарт бол үргэлжээр нь дөрвөн эгнээ болгож буй бөгөөд хоёр төслийн (АХБ болон ЕСБХБ-ны санхүүжилттэй) зам нийлдэг гэсэн үг. Тал хээрт болохоор тусдаа. Нэг урсгалын хоёр эгнээ зам хоорондоо зайтай гэсэн үг. Тэгэхээр нийслэлээс Хар модотын давааны ар хүртэлх зайд эхний 10 орчим км-ийг дөрвөн эгнээ замаар туулаад, үлдсэн зайд хуучны, гэхдээ нэгдүгээр шатны барилгын ажил хийгдсэн хоёр эгнээ, эхэнд гоё гэж онцлоод байсан замаар явна. Үүн дээр нэмж таван см-ийн хучилт хийх ёстой гэнэ. Гэхдээ хөдөлгөөнийг мөн удаан хугацаанд хаахгүй. Зам дагуу далан босгоод буй нь удахгүй дөрвөн эгнээ болгохоор зэхсэн нь тэр. Гагцхүү энэ хэсэгт зарцуулах төсөв, хөрөнгийг батлах ёстой юм билээ. Үүнийг захиалагч ЗТХЯ хариуцна.
Хоёрдугаар хэсэг нь Хар модотын даваанаас “Урьхан” хүртэлх зай юм. Энд “Арж капитал”-ынхан дөрвөн км замыг хучаад буй. Үлдсэн зайг одоогоор шороон замаар туулж байна.
Гуравдугаар хэсэг нь “Урьхан”-аас Сүмбэрийн уулзвар хүртэлх зай. Энд нэгдүгээр шатны барилгын ажлыг АХБ-ны санхүүжилтээр дуусгаад буй.
Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх зайг одоогоор түр шороон замаар туулж байна. Энд дахин зарласан тендерт ялсан “Чайна гео инженеринг” компани ажиллаж байна. Цайдамын хөндийгөөс Дархан-Уул хүртэлх зайн ихэнхэд хоёр эгнээ гоё замтай.
Дархан-Уулын замаар яваад Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг анхнаасаа санхүүжүүлэгч нэг л байгууллагатай хамтарч хийсэн бол цаг хугацаа, үр ашгийн хувьд өгөөжтэй байж дээ гэсэн бодолтой ирэв.
Бэлтгэсэн: Р.ОЮУНЖАРГАЛ