Грекийн нийслэл Афинд хэсэг оюутан тус улсын төв телевизийн байр руу дайран орсон тухай ВВС дамжууллаа. NET телевизийн ажилтнуудын хэлснээр 50 гаруй оюутан студи руу дайран орж, шууд нэвтрүүлгийн цаг гаргаж өгөхийг шаардсан гэнэ. Дээд боловсролын тогтолцоонд хийж буй өөрчлөлтийг эсэргүүцсэн эдгээр оюутан эрх баригчдад хандан үгээ хэлэхийг хүссэн байна. Телевизийн удирдлага оройн мэдээний нэвтрүүлгийг цуцалж, оронд нь баримтат кино цацсан байна.
Одоогоос гурван жилийн өмнө анархистууд уг телевизийн байр руу дайран орж, гаргаж байсан мэдээг нь тасалдуулан өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан юм. Дашрамд хэлэхэд, тус улсын Засгийн газрын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал болсон тухай “Ройтерс” мэдээлжээ. Эрх баригчдын авч буй төсөв танах арга хэмжээг эсэргүүцсэн тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэсэн гэж цагдаагийн ажилтнууд мэдэгджээ.