Орон гэргүй, африк гаралтай америк эр улсынхаа түүхэнд хамгийн олон хүүхэнтэй энгэр зөрүүлсэн гаж донтон болжээ. Гурван хүний аминд хүрч бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн 78 настай Сэмюэл Литтл барагцаалбал 90 гэмт хэрэгт оролцсоныг Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны мэргэжилтэн-шинжээчид тогтоосон байна. Түүний үйлдсэн гэмт хэргийг гүйцэд илрүүлж чадаагүй аж. Хар тамхи хууль бусаар борлуулсан хэргийн улмаас Литтлийг 2012 онд баривчилжээ. Энэ үед тэрбээр Кентакки мужийн орон гэргүй хүмүүсийн байранд аж төрж байв. Цагдаа нар түүний ДНХ-ийг шинжлүүлтэл 1987-1989 онд Лос-Анжелест алагдсан гурван эмэгтэйн биеэс олдсон биологийн ул мөртэй тохирч байж. Тэр хүүхнүүдийг зодож, хүчиндээд хөнөөсөн аж. Уг ул мөр тэдний хумсан завсар, хувцсан дээр нь байжээ. Хүүхнүүдийн цогцсын нэгийг нь гараашнаас, нөгөөг нь гудамжнаас, гурав дахийг нь хогийн савнаас олсон байна.
Хэд хэдэн гэрч бүсгүй олдож, түүний гараас азаар амьд гарснаа шүүх хурал дээр ярьсаар байхад л Литтл аллагын хэрэг үйлдсэнээ хүлээхгүй, эрс эсэргүүцэж байв. Тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр насаараа хоригдох ял гурван удаа сонсжээ. Хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эхний хэргийг Литтл 1980-д онд Техаст үйлдэж нэг эмэгтэйн аминд хүрсэн гэнэ. “Энэ хэрэгтэй бид Одесст (Техас мужид байдаг хот) тулгарч, түүнийг Литтл үйлдсэн болохыг бүх баримт нотолж байв. Аллага болох үед тэрбээр чухам яг энэ газар байсныг ч бид тогтоосон” гэж шинжээч Кристина Палаззоло ярьсан байдаг. Энэ хэргийг мөрдөн шалгахад Жеймс Холланд гэгч оролцов. Энэ хүн Литтлийг Техасын шоронд шилжүүлж өгсний хариуд түүнтэй хэлхээ холбоо тогтоож чадсан байна. Литтл түүнтэй ярилцахдаа 90 гэмт хэргээ хүлээн зөвшөөрчээ. Тэгэхдээ уг хэргийг хаана үйлдсэн, ямар машин унаж явсан, түүгээр ч барахгүй хохирогч нь ямар хүн байсныг нэгд нэгэнгүй хэлж чадаж байлаа. Харин цаг хугацааг нь алдаж будилаад, зарим хэргээ үйлдсэн оныг санахгүй байсан аж. Одоогоор ХМТ 34 хэргийг нь нотолчихоод, хэдэн арван үйлдлийг нь удахгүй нотлоход бэлэн болгоод байна. Нотлоход тун төвөгтэй хэрэг ч цөөнгүй байгаа юм билээ.
Сэмюэл Литтл 1940 онд Жоржи муж улсад төржээ. Эднийх нэг газар удаан байдаггүй байж. Тэрбээр эмээтэйгээ өссөн нэгэн. Ахлах сургуулиас хөөгдөж байв. Үүнээс өмнө тэрбээр яггүй боксчин болсон байлаа. Сургуулиас хөөгдчихөөд улс орноороо тэнүүчилдэг, АНУ-ын зүүн эргээс баруун хязгаарт нь хэдхэн хоногийн дотор яваад оччихдог байв. Анх 1957 онд 17 настайдаа хулгайн хэргээр баривчлагджээ. Тэгэхэд шоронд орсонгүй. Дөрвөн жилийн дараа 21 насандаа төрөлх Лорейн хотынхоо тавилгын дэлгүүрээс хулгай хийж баригдаад гурван жилийн ял шийтгүүлж анх удаа шоронд хөл тавив.
Тэр ер нь дэлгүүрээс хулгай хийж л амьдарлаа залгуулж явж. Нэг удаа танихгүй жижиг хотод очиж 3-4 хоног дэлгүүрээс хүнсний зүйл хулгайлж байгаад яваад өгөв. Өөр хотод очоод хулгайлсан юмаа машиныхаа тээшнээс худалджээ. Олсон мөнгөө архи, хар тамхинаас өгч орхиж. Тэрбээр 24 муж улсад 50 гаруй удаа баривчлагдсан ч торны цаана ер удаан хоригдож байгаагаагүй аж. 2000 онд л нөгөө Лорейн хотдоо дэлгүүр ухаж байж хоёр жилийн ял авав.
Хачирхалтай нь, тэр хормойн донтой холбоотой хэргээр хуулийнхны анхаарлыг бараг татаж байсангүй. Лос-Анжелесийн цагдаа нарын бодлоор энэ нь түүний тактиктай холбоотой байлаа. Тэрбээр золиос болгох хүмүүсээ ихэнхдээ зоогийн газруудаас сонгож авдаг, тэгэхдээ биеэ үнэлэгч, тэнэмэл, архичин зэрэг “эвдэрсэн этгээд”-үүдийг онилдог байв. Эхлээд тэднийг сэтгэл санаагаар дарамталж, дараа нь зодож хүчирхийлдэг байна. Энэ дайралт довтолгоог тэсэж гарсан эмэгтэйчүүд тэр даруй цагдаад мэдэгддэг байжээ. Литтлийг насаар нь шоронд хорих, түүгээр ч барахгүй цаазлах боломж 1980-аад оны эхээр үнэний шүүхэд байсан аж. Флорида мужид 26 настай эмэгтэй амиа алдсаны дараа 1982 онд Литтлийг баривчилсан ч хоёр жил болоод түүнийг цагаатгажээ. Тэгсэн хэрнээ аллагын хэргийг эрх баригчид хаасангүй. Иймэрхүү хэргээс Литтл Миссисипи мужаас бас зугтаж чадсан байна. Тэглээ ч Миссури мужид эмэгтэй хүн рүү довтолж, Сан-Диегод мөн нэг бүсгүйн эрх чөлөөг хязгаарласны төлөө 2.5 жилийн ял эдэлсэн байна.
Литтл удаан хугацаанд шийтгэл хүлээхгүй байсан нь хууль сахиулагчдын гайхлыг төрүүлдэг байлаа. Өөрийн амьдрал, үйл ажиллагааны байдлаасаа шалтгаалаад энэ тэнэмэл эр цагдаа нартай олон нүүр тулгарч байсан юм. Үхэл нь хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаагүй, нийгмийн “шаар шавхруу” гэгдэх хүмүүсийн амь үрэгдсэн нь гаж донтон аймшигт зам мөрөө үргэлжлүүлэх боломж олгоод байсан хүчин зүйлүүдийн нэг байв. Боксчин хүний дадал нь хохирогчийн амийг хороохын өмнө ухаан алдтал нь цохиж, эсэргүүцэх чадваргүй болгодог байлаа. Цагдаа нар хохирогчийн цогцсоос хүч хэрэглэсний онцгой шинж тэмдэг, ул мөр олдоггүй байжээ. Мөн Литтлийн гарт амиа алдагсдын олонх нь болох хар тамхичин бүсгүйчүүдийн үхлийн шалтгааныг үнэн, зөв тогтооход төвөгтэй, ер нь хар тамхины тунг хэтрүүлсэн гэж л үзэх нь элбэг. Өөр нэг анхаармаар зүйл бол Литтлийг хаана ч юм бэ баривчилсан цагдаа нар түүнийг өөрийн мужаас аль болох хол байлгахыг л хичээдэг байв. Ийнхүү хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж нарийн хяналт шалгалтад өртөхөөс тэр зайлсхийчихнэ.
Хүчирхийлсэн гэмт хэргийг таслан зогсоох хөтөлбөрийг ХМТ 1985 онд боловсруулсан бөгөөд түүний дүнд Литтлийн хэргийг мөрдөн шалгах явцад ахиц гарсан байна. Энэ бол үнэн чанартаа ХМТ-ны тусдаа салбар, бүхий л хүчирхийллийн хийгээд эр, эмийн харилцаатай холбоотой гэмт хэргийн тухай мэдээллийн тогтолцоо юм. Энэ тогтолцоог Лос-Анжелес хотын хүн амины хэрэг мөрдөх газрын ажилтан Пирс Брукс санаачлан бий болгосон байна. Тэрбээр цуврал аллагын үйлдэгч тус бүрийн зан ааш, үйлдлийн шинж байдлыг судлахад их анхаарчээ. Хэд хэдэн эмэгтэйн амийг хохироохдоо алуурчдын хийсэн үйлдлийн хоорондоо төстэй жижиг сажиг зүйл “ганцаардсан зүрхийг хөнөөж” олонд танил болсон Харви Глетменийг усны мандал дээр ил гаргаж ирэхэд нь Бруксд тус болжээ. Гаж донтон нэг эмэгтэй рүү довтлох бүтэлгүй оролдлого хийх үедээ харуулын цагдаа нарт баригдсан байна. Тэрбээр өөрийн машин дотроо тэр эмэгтэй рүү дайрсан аж.