Өмнөд Солонгос сулруулсан урантай 1.1 сая орчим сум АНУ руу тээвэрлэхээр Пёнтэк хотын ойролцоох бааз дахь Америкийн Агаарын цэргийн хүчинд шилжүүлэн өгчээ. БНСУ-ын парламентын гишүүн Ким Жин Пё ингэж мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилсан байна.
Сумыг энэ сарын дундуур далайгаар АНУ руу илгээх аж. Тэдгээрийг 1975 онд байгуулсан гэрээний дагуу Сөүлийн ойролцоох Сувон хотын цэргийн нисэх буудалд хадгалж байсан бөгөөд Америкт үйлдвэрлэсэн, довтолгооны “А-10” онгоцонд ашиглах зориулалттай байв. Сулруулсан урантай сумыг танк, хуягт тээврийн хэрэгсэлтэй тулалдахад хэрэглэхэд тохиромжтой аж.
Өмнөд Солонгосын олон нийт энэ сумны цацраг идэвхт шинж чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар санаа зовж байгаагаа удаан хугацааны турш илэрхийлсэн билээ. Тийм сум нь хорт хавдар болон бусад өвчин үүсгэдгийг “Yonhap” агентлаг онцлон тэмдэглэжээ.