Аюулгүй байдлын баталгааны талаар ОХУ-тай хийх хэлэлцээнд оролцох Украины албан ёсны төлөөлөгчдийг парламент дахь “Ардын зарц” намын фракцын тэргүүн Давид Арахамия ахална. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баталжээ. Үүнээс өмнө онцгой статусгүй төлөөлөгчид хэлэлцээ хийж байсан гэнэ.
Украины Ерөнхийлөгчийн зарлигаас үзвэл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд Денис Малюська, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк, Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий нар багтжээ. Зөвшилцлийн төлөөлөгчдийн гишүүнээр шинжээч Андрей Костин (“Ардын зарц” фракц), Дмитрий Лубинец (“Майбутны төлөө” бүлэг), Рустем Умеров (“Дуу хоолой” фракц) нарыг баталсан байна. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд шинжээчээр хуульч, олон улс судлаач Александр Малиновский, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Александр Чалый нар багтав.
Тэргүүн нь тус улсын Гадаад хэргийн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг төөрчлөх эрхтэй. Давид Арахамия нь цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын талтай хэлэлцээ хийж буй Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Украин, Оросын төлөөлөгчид тохиролцоход ойрхон байна гэж В.Зеленксий өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Украин төвийг сахисан, эвсэлд нэгдэхгүй, цөмийн зэвсэггүй статустай байх зэрэг өмнө нь тохиролцсон байр суурийг хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мөн өдөр жагсаасан юм. Крымийг ОХУ-ын нэг хэсэг, Донецк, Луганскийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхийг Оросын тал шаардаж буй билээ. Нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийх талаар яриа байж болохгүй гэж Владимир Зеленский мэдэгджээ.