Говь-Алтай аймгийн нэгэн сумын малчин Ж.Цогийнх энэ жил 300 гаруй ямаа самнаж, 250 орчим кг ноолуур бэлтгэнэ. Тус аймгийн ноолуур зүүн аймгуудынхаас багаар үнэлэгддэг ч 20 гаруй сая төгрөг олох боломжтой гэнэ. Тэрбээр “2020 оны хавар кг ноолуураа дунджаар 40 000, өнгөрсөн онд 110 000 төгрөгөөр борлуулсан. Энэ жил овоо үнэ хүрэх нь шиг байна. Гэхдээ ноолуур гарах үед ханш нь өсөөд удалгүй буудаг юм. 100 000 төгрөгөөс доошгүй үнээр зарвал болно. Малчид бүтэн жилийн орлогоо ноолуураас л олдог. Манайх дөрвөн ам бүлтэй, 500 гаруй малтай” гэв. Тэгвэл “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Нэг кг ноолуурыг 30 000 төгрөгөөс илүү үнээр худалдан авах нь үйлдвэрлэгчдэд ашиггүй. Уг бүтээгдэхүүний үнийг 100 000-аас өсгөж хөөрөгдөн, хятадууд худалдан авдаг нь далд санаатай. Өөрөөр хэлбэл, манай үндэсний компаниудтай өрсөлдөн, түүхий эдийг нь хөөрөгдсөн үнээр худалдан авч, улмаар үйлдвэрүүдийг дампуурах гэсэн арга. “Буян” компани ноолуураас татгалзсан, хонины импортын ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүнчлэн ноолуураар 50 гаруй төрлийн бэлэн хувцас урлаж борлуулдаг нэгэн компанийнхан “Бид ноолууран утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Утасны үнэ тогтмол өсөж байгаа нь түүхий ноолуурын ханштай шууд холбоотой. Тиймээс бид ч бүтээгдэхүүнийхээ үнийг сүүлийн таван жилд дунджаар 40 хувиар нэмсэн. Манайх жижиг үйлдвэр учраас олон улсад бүтээгдэхүүн экспортолдоггүй, хөрш зэргэлдээ Буриад, Тувагийн хэрэглэгчид олноор нь худалдан авах нь бий. Үйлдвэрээ өргөжүүлж, утас ээрэх тоног, төхөөрөмжтэй болохыг зорьсон ч үнийг нь дийлэхгүй юм билээ. Ноолуур угаах, самнахаас эхлүүлэн бэлэн бүтээгдэхүүн гаргадаг дунд оврын, цогц үйлдвэрт шаардлагатай төхөөрөмж, машинуудыг БНХАУ-аас багадаа 500 сая ам.доллароор худалдан авах юм билээ” хэмээн ярилаа.
Тухайн жил ноолуурын ханш өндөр байх нь малчдад ашигтай ч үйлдвэрлэгчид түүхий эдээ бэлтгэхэд хүндрэлтэй, улмаар бэлэн бүтээгдэхүүний үнэ өсөх нэг нөхцөл болно гэдэг. Үүнийг зохицуулах зорилгоор Засгийн газраас үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Тодруулбал, сүүлийн таван жилд ноолуур бэлтгэхэд зориулж 542.3 тэрбум төгрөгийн зээл өгчээ. Тэгвэл энэ онд хоёр жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөг олгохоор болсон нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр дүн юм. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяраас тодруулав. Тэрбээр “Ноолуур бол өндөр үнэтэй түүхий эд. Тиймээс ч нөөцийг нь бүрдүүлэх зорилгоор төрөөс хөнгөлөлттэй зээл олгоод цөөнгүй жил өнгөрсөн. Гэхдээ төсвийн мөнгө хязгаартай учраас их хэмжээнийхийг олгож чадахгүй. Энэ жил гэхэд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн нь нэг кг ноолуурыг 150 000-аар худалдан авна гэвэл 1000 тонныг л бэлтгэх мөнгө. Үлдсэн 9000 тонныг нь үйлдвэрүүд өөрсдийн хөрөнгөөр худалдан авна. Мөн түүхий эдийн ханш дэлхийн зах зээлийн зарчмаар тогтдог. Тухайлбал, БНХАУ болон Италийн томоохон үйлдвэрлэгчдийн түүхий эд худалдан авч буй жишиг үнэд үндэслэдэг гэж болно.
Манай улс түүхий ноолуур хилээр гаргахаа больсноос хойш угаах, самнах үйлдвэрийн тоо олширч, бүтээмж нь дээшилсэн. Ийм үйлдвэрүүдэд БНХАУ-аас хөрөнгө оруулсан нь ч цөөнгүй. Тиймээс хүмүүс ноолуурын үнийг хятадууд тогтоодог гэж ойлгоод байгаа хэрэг. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар зах зээлийн зарчмаар хөгжиж байгаа гэж хэлнэ. Жил ирэх бүр бүтээгдэхүүний боловсруулах түвшнийг ахиулан, экспортын хэмжээг нэмж, ажлын байрыг олшруулж байгаа. Үүнээс гадна манай улс анхан шатны боловсруулалт хийсэн буюу угаасан ноолуур экспортолдог. Тэгвэл ирэх жилээс угаасныг бус, самнасныг нийлүүлэх журам батлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн, ахисан шатны боловсруулалттай бүтээгдэхүүн гаргана. Цаашид монгол ноолууран бүтээгдэхүүн, эдлэлийг сурталчлах ажлыг идэвхжүүлж, олон улсад хэрэглэгч бий болгох талаар анхаарвал зохино” гэсэн юм. Үүнээс гадна ноолуурын цогц үйлдвэр барих зардал өндөр. Төр, хувийн хэвшлийнхэн хөрөнгөө шавхаад ноолуур угаахаас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх дамжлага бүхий томоохон үйлдвэр барьж болно. Гэтэл зарим улсын хэрэглэгч бэлэн бүтээгдэхүүн, зарим нь угаасан, эсвэл самнасан ноолуур, зарим нь утас худалдан авах сонирхолтойг Б.Эрхэмбаяр дурдсан. Энэ нь бэлэн бүтээгдэхүүнийг олон тоогоор худалдаж авах боломжгүй, зах зээл байхгүй гэсэн үг юм.
Манайд ноолуур бэлтгэлийн улирал эхэлсэн. Өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж байгаа бол баруун аймгуудад цаг агаарын байдлаас шалтгаалж энэ сарын эцэс болон тавдугаар сараас самнаж эхлэх нь бий. Өчигдрийн байдлаар нэг кг цагаан ноолуурыг Дорнод аймагт 160 000, Хэнтий болон Сүхбаатарт 150 000 орчим төгрөгөөр үнэлэн авч байв. Харин Говь-Алтайд дунджаар 100 000 төгрөгийн ханштай байгаа бол Хөдөө аж ахуйн биржид өчигдөр нэг кг цайвар ноолуурыг 147 000, барааныг нь 145 000 төгрөгөөр үнэлэн арилжсан байна. Тус биржийнхэн энэ жил 6000 тонн ноолуур арилжихаар төлөвлөжээ. Угааж, самнасан ноолуур экспортлоход заавал ХАА-н биржээр дамжуулан арилжаалсан байх журамтай.
Монгол Улс жил бүр дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувь буюу 10 000 орчим тонн түүхий эд бэлтгэдэг. Нэг кг ноолуурыг дунджаар 120 000 төгрөг гэж тооцвол энэ жил 1.2 их наяд төгрөгийн орлого олох нь. Хэрэв түүхий ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болговол нэг кг-аас нь гурван цамц үйлдвэрлэн, үнэ нь 4-5 дахин нэмэгддэг тооцоо бий.
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах нь 23, сүлжмэлийн 50 гаруй жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Мөн өрхийн жижиг цех 150-180 бийг ХХААХҮЯ-наас яамнаас мэдээлэв. Эдгээр үйлдвэр нь сүүлийн таван жилд жил бүр дунджаар 450 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан гэвэл 60-70 хувийг нь угаасан ноолуураас, үлдсэнийг нь самнасан болон бэлэн бүтээгдэхүүний дотоод, гадаад худалдаанаас олжээ. Экспортлогч томоохон үйлдвэр дотоодод жилд 10 000 ширхэг цамц, хүрэм борлуулдаг гэвэл гадаад зах зээлд 14 000-15 000-ыг зардаг буюу гадаад борлуулалтын хэмжээ дотоодынхоос 40-50 хувиар ахиу байдаг аж. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад, 2019 онд манай улс угаасан ноолуурын экспортоос 283.2, самнасныхаас 45.3 сая ам.доллар олсон бол бэлэн бүтээгдэхүүний борлуулалтаас 8.8 саяыг төвлөрүүлжээ. 2020 онд угаасан ноолуураас 185.3, самнаснаас 16.8, бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтээс 4.2 сая “ногоон” олсон байна. Харин өнгөрсөн жил 253.6 сая ам.долларын угаасан ноолуур, 39.9 саяын самнасан бүтээгдэхүүн 4.6 саяар үнэлэх хувцас борлуулсан аж. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас хил хаагдсан учраас борлуулалт ийн багассан гэнэ. Тэгвэл энэ жил угааж, самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг өнгөрсөн оныхоос 50 хувиар ахиулахаар төлөвлөн, төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж буй юм.
Бэлтгэсэн С.Цэрэндулам