Палестиний үндэсний автономийг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх, тус улсын хилийг 1967 оныхоор тогтоох асуудлыг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон хэлэлцэж эхэллээ. Энэ сарын 23-нд Палестиний тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд өргөдлөө өгсөн билээ. “Аливаа улс орныг гишүүнээр элсүүлэхдээ Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэнэ” хэмээн НҮБ-ын Тунхаглалд заасан байдаг. Аюулгүйн зөвлөлийн гишүүн АНУ Палестиний хүсэлтэд хориг тавихаа мэдэгдсэн бол ОХУ харин дэмжиж байгаа юм.
Ойрхи Дорнодын асуудал хариуцсан дөрвөл буюу АНУ, ОХУ, Европын холбоо, НҮБ-ын төлөөлөгчид Израиль, Палестиний энхийн хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлж, гэрээ байгуулахыг уриалав. Ингэхийн тулд эхлээд ОХУ-ын нийслэлд хоёр улсын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулах санал дэвшүүлсэн аж. Палестиний тэргүүн Махмуд Аббас үүнийг эсэргүүцэж, Иордан голын баруун эрэгт еврейн суурин барихаа зогсоохгүй бол израильчуудтай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдлээ.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ зөвхөн хоёр улс хэлэлцэн тохиролцсоноор асуудлыг шийднэ хэмээн онцолсон юм. Палестиний гол хамтрагчдын нэг Испани улсын Гадаад хэргийн сайд Тринидад Хименем мэдэгдэл хийлээ. Израиль бол еврейчүүдийн гэр орон, харин Палестиний дүрвэгчдийн асуудлыг өөр арга замаар шийдэх ёстой гэж тэрбээр хэлснийг АР дамжуулав. “Израильчууд терроризм, хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд хөршүүдтэйгээ дайтахаас өөр аргагүйд хүрдэг” хэмээн Тринидад Хименем онцолжээ. Гэхдээ тэрбээр палестинчуудын тусгаар тогтнох хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.
Х.ОД