Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинээр баталж, комиссын бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Түүнчлэн холбогдох бусад журам, заавар, өвчний жагсаалтыг нэгбүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж буй. Үүний хүрээнд ХНХЯ-наас 2021 онд АТГ болон цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн судалгааг улсын хэмжээнд хийж, хяналт шалгалт зохион байгуулжээ. Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа алдаж, групп тогтоолгосон 66 мянган хүнийг шалгахад 3600 зөрчил илэрснээс гадна 2000 иргэний шийдвэрийг цуцалсан байна. Мөн эл ажлын үр дүнд энэ чиглэлийн нарийвчилсан статистик гаргасан аж.
2020 оны байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан хүн 110 400 буюу нийт хүн амын 3.4 хувь байсан бол өнгөрсөн жилийн эцэст уг тоо 105 600 (3.2 хувь)-д хүрснийг тогтоожээ. Энэ нь таван хувиар буурсан үзүүлэлт юм. Эл ажлыг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалт хийх аж. ХНХЯ-наас мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран улсын хэмжээнд шалгах талаараа мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиараа Дорнод (4), Сэлэнгэ (4.7), Баян-Өлгий (4.5), Увс (4.4), Говь-Алтай (4.2), Завхан (4.1) толгой цохиж байгаа бол энэ үзүүлэлт хамгийн бага гарсан нь нийслэлийн Сүхбаатар дүүрэг аж.