Ганцхан улирлын дараа хичээлийн жил дуусна. Нийслэл, орон нутагт БШУЯ-наас улс орон даяар хэрэгжүүлэхээр үүрэг болгосон сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах гурван жилийн төлөвлөгөөний дагуу сургууль, багш нар хэрхэн ажиллав. Тус бүртээ ямар дүгнэлттэй байна вэ. Хоцрогдлыг арилгах найдвар байна уу. Энэ талаар хэн, юу хэлэхийг сонсохоор орон нутгийн багш нартай холбогдож, нийслэлийн сургуулийнхантай уулзсан юм. Тэд нийтлэг нэгэн хүсэлт тавьсан нь нэр бичихгүй, сургуулийг дурдахгүй байлаа.
Хэнтий аймгийн монгол хэлний багш нар аймгийнх нь Боловсролын газрын мэргэжилтэн БШУЯ-нд санал хүргүүлэх байх гэсэн хүлээлттэй байна. Тэр нь юу вэ гэхээр саяхан болж өнгөрсөн, элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх, монгол хэлний урьдчилсан шалгалтын үр дүнд хийсэн дүгнэлтээс үүдэлтэй санал юм. Даалгавар, ялангуяа монгол бичгийнх хүндэвтэр байсан тул боломжийн сурлагатай сурагч ч ихэд түүртсэн гэнэ. Үүнд дахин бүдэрвэл элсэлтийн шалгалт өгөх эрхгүй болно гэж сэтгэлээр унасан хүүхэд олон байгаа аж. Тиймээс хаана хаанаа нөхцөл байдалд дүгнэлт хийгээсэй, ядаж уг шалгалтын даалгаврыг бага зэрэг хөнгөвтөр байлгах талаас нь бодолцоосой гэж хүсэж буй гэнэ.
Өмнөговь аймгийн төвийн нэгэн сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээлийн багш шулуухан “Сурлагын хоцрогдлыг арилгана гэдэг худлаа. Багасгаж бол болох байх. Арваннэгдүгээр ангийн сурагчид дөнгөж аравдугаар ангийнхаа хөтөлбөрийг үзэж байна. Хэдийгээр хоёр ангийнхыг хослуулан үзэж байгаа ч сурагчдын хүлээж авах, ойлгох, хариу үйлдэл үзүүлэх чадвар ялгаатай тул хичээлийг жигд явуулах боломж алга. Ангийн сурагчдын 10- 15 хувь нь суралцвал зохих түвшинд хичээж байна. Багш нар хэчнээн чармайгаад ч бусдыг нь “гартаа оруулж авч” чадахгүй байгаа. Эцэг, эхчүүд бол хүүхдүүдээ багш нарт, сургуульд даатгачихдаг улс, цар тахлаас хойш улам назгайрсан. Хүүхдүүд нь гэрээсээ гараад сургууль хүртэл агаар, салхинд алхаж явбал боллоо гэсэн бодолтой болчихсон ч юм шиг. Сурагчид хичээлдээ явах дуртай байна. Гагцхүү хичээлийн цагт суралцах хөдөлмөр хийх ёстой гэдгээ ухамсарладаггүй. Эсвэл сурлагаар нэгэнт хоцорсон юм чинь яасан ч яах вэ гэсэн бодолтой болсон мэт. Энэ бүхнээс харахад бид бүгдээрээ, өөрөөр хэлбэл, сурагчид ч, багш нар ч адилхан нэг үеэрээ хохироод дуусах нь. Би өөрөө зургаа болон дөрөвдүгээр ангийн сурагч хүүхдүүдтэй. Тэднийхээ ирээдүйг төсөөлөхдөө одооноос эхлээд мэргэжлийн чиг баримжааг нь тодорхойлоод, элсэлтийн шалгалт өгөх 2-3 хичээлийг нь тууштай хийлгэж байя. Бусдыг нь орхиё гэсэн бодолтой байгаа. Хоцорчихсон юм чинь нөхөх гэж цаг бараад яах юм бэ. Ойр тойрныхондоо ч тэгж зөвлөдөг” гэсэн юм.
Мөн тус аймгийн нэгэн багш “Яам, боловсролын, төрийн бусад байгууллагынхан ойлгомжтой зүйл ярьж, хөтөлбөр боловсруулж, шаардлага тавьж баймаар юм. Аливаад амьдралтай хандмаар байна. Хөрс суурин дээр буух юм цаасан дээр бичиж байгаач. “Хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөө” гэдгийг нь ойлгох хэцүү. Анх харахад л нүд эрээлжилсэн. Өнөөдрийг хүртэл ойлгоогүй багш олон л байх. Сурагчдыг хичээл, сурлагын хоцрогдлоос гаргах үр дүнтэй аргыг өнөө хэр олоогүй. Яамныхан хөтөлбөрөө боловсруулж, төлөвлөгөө гаргахдаа ажлын хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн багш нараас яагаад оруулаагүй юм бол. Өөрсдөө гадаадынхаас үлгэр авч хийсэн бололтой юм билээ. Өөрийнхөө заадаг хичээлээр жишээ авъя л даа. Бид хэн хүнгүй Японы сургалтын систем сайн гэдэг. Дуурайх сан гэж хүсдэг. Тэнд эзэн хааныхаа төрсөн өдрөөр улс даяар ямар ажил зохион байгуулж, арга хэмжээ авдгийг япончууд байтугай Монголд мэддэг боллоо. Гэтэл манай улс Чингис хааныхаа төрсөн өдрөөр улс даяараа захын хүүхдэд ойлгомжтой байхаар ажлыг сүр бараа, дуу шуу багатай ч, үр дүнтэй зохион байгуулж болохгүй юу. Төрийн болон бусад байгууллагын уялдаа холбоог сайжруулж, бага насны хүүхэд ч Чингис хааны төрсөн өдөр, үйл хэргийн талаар ойлголт өгөх хэмжээнд ажиллавал түүхийн хичээлийг хэдэн цагаар заагаад ойлгуулахгүйг нэг мөр мэдүүлнэ шүү дээ. Ийм амьдралтай, аргатай байх талаас аливаад хандмаар байна” гэлээ.
Нийслэлийнхэн юу хэлэхийг сонслоо. Хотын төвийн нэгэн сургуульд очсон юм. Газар зүйн багш “Нэгэнт хоцорсныг нөхөх аргагүй юм чинь газар зүйн хичээлээр олговол зохих мэдлэгийг хэрэглээ, мэдлэгийг ашиглах ур чадвар тал руу нь хандуулсан. Ядаж л газрын байршил тогтоох, улс орнуудын тухай ойлголтыг сонирхолтойгоор, мартахгүй байх талаас нь өгөхийг хичээж байна” гэлээ. Гадаад хэл заах аргын нэгдлийнхнээс англи хэлний багшийг “олзолж” авав. Тэрбээр “Цагаан сараас хойш л сурагчид ангиараа хичээлллэж эхэлсэн. Нэгдүгээрт, бие биеэ санасан сэтгэл нь хэтрүүлж хэлэхэд дэвтээгүй байгаа учраас хоорондоо эрхэлж тоглох, өмссөн зүүснийхээ талаар ярих, харуулах хандлагатай. Хоёрдугаарт, хүүхдүүд их эмзэг болжээ. Бүгдийнх нь би гэсэн бодол, үзэл байх ёстой хил хязгаарыг давсан санагдаж
байна. Жишээ нь, нэг ширээнд суугаа хоёрын хэн нэг нь ширээгээ үл ялиг хөдөлгөхөд хамт суугаа нь учиргүй бухимдах юм. Хаана ч тийм юм байдаг л биз дээ. Тоохгүй л өнгөрөөдөг. Гэтэл одоогийн хүүхдүүд ийм зожиг, дотогшоо болж. Ийм янз байдал нь хичээлийг хүлээж авахад сөргөөр нөлөөлөх юм. Би зургаа, наймдугаар ангийнханд англи хэл заадаг. Наймдугаар ангийнхан бол “Ковид”-оос өмнөх үеийн тав, зургадугаар ангийнхантай ойролцоо мэдлэгтэй. Багш нар бид хэрэндээ хичээж байна. Ер нь бол гэр бүлдээ дэмжлэг, шахалт сайтай хүүхдүүд л хурдтай урагшлах шинжтэй” гэлээ.
Зургаа болон наймдугаар ангид хичээл заадаг дүрслэх урлаг, технологийн багш “Аль аль ангийн сурагчид сурлагын хоцрогдолтой. Зургадугаар ангийнхан дүрслэх урлагийн хичээлээр цэг, зураасын тухай мэдлэг, өнгөний тухай ойлголттой болдог. Хичээлийн агуулга ийм. Гэтэл одоо чадварын хувьд бараг хоёр, гуравдугаар ангийнхан шиг байна. Анги 40-50 сурагчтай. Тэдний тал хувь нь яах вэ, боломжийн. Үлдсэн нь хэцүү. Ганц багш тэр болгонтой тулж ажиллаж чаддаггүй. Хүүхдүүдийг нийтээр нь
өргөж, дэмжин харилцаж, найзлах байдлаар заадаг. Хуучны багш нар шиг загнаж, зандарч болохгүй. Багш хэрэгт орно. Найрсаг байх тусам улам л залхуурах юм. Наймдугаар ангийн сурагчдын зурах чадвар нь дөрөв, тавдугаар ангийнхан шиг байна. Сурагчдын одоогийн байдлыг “Ковид”-ын өмнөх үеийнхэнтэй харьцуулахад сурлагын алдагдал 40 орчим хувьтай гэж хэлнэ. БШУЯ-наас гаргасан хоцрогдол арилгах хөтөлбөр гэж бий. Гэхдээ яг түүний дагуу хичээлээ төлөвлөнө гэж байхгүй. Сурагчдынхаа багцааг харж байгаад тохирсон аргаар ажиллаж байна. Математик, физик, химийн хичээлийн “сонгон”-д явдаг хүүхдүүд арай илүү ойлгодог. Зурах чадвар ч сайн. Ядаж байхад манай кабинет тоног төхөөрөмж тааруу. Сурагчид хичээллэхэд зориулсан “Инемат” хэмээх багаж тав, зургаа байдаг. Хүүхэд түүгээр мод зорж, нүхэлж сурах ёстой юм. Дүүргээс өгсөн энэ багажийг эвдэлбэл багш нар өрөнд орно. Тиймээс үзүүлэн төдий“ гэлээ. Бидний яриаг сонсож байсан технологийн багш “Сурагчдын сурлагын хоцрогдол нэг хэрэг. Зан байдал маш их өөрчлөгджээ. Тиймээс ямар арга барилаар ажиллахаа мэдэхээ байсан. Кабинетад сургалт явуулах оёдлын машин байдаггүй. Байдаг ганц, хоёрыгоо багш нарын өрөөнд хураачихсан” гэсэн юм. Цагтаа нийслэлийн зургадугаар сургуульд энэ хичээлээр машин судлал, газар тариалангийн хичээл заалгаж, дадлагыг сангийн аж ахуйд хийж байсан, охид тус бүртээ хөл оёдлын машинаар хормогч, даашинз оёж сурч байж дүн тавиулдаг байсантай харьцуулан бодоход “Арай ч дээ. Энэ хичээлийн сургалт ингэтлээ доройтсон гэж үү” хэмээн бодоход хүрэв.
Биеийн тамирын багштай уулзлаа. Тэрбээр “Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтний чиг болгосноор сурагчдынхаа сурлагын хоцрогдлыг өөрөө оношилж дүгнээд, боловсруулсан хөтөлбөрөөрөө хичээл зааж байна. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орсон, таргалсан, залхуу болсон. Энэ бүхнийг огцом арилгах боломжгүй. Эхэн үед хичээлийг амны хаалттай явуулж байхад бүр ч хүндрэлтэй байсан. Биеийн ерөнхий хөгжлийн дасгал л зааж байлаа. Одооноос гайгүй болсон. Дулаарахад гадаа хичээллэхээр аятайхан болоод ирэх байх. Биеийн тамирын хичээлийн шаардлага нь сурагчдад тэсвэр, тэвчээр, хурд, хүч, авхаалж самбаа гэсэн таван чанарыг эзэмшүүлэхэд оршдог. Эдгээр чанарыг аажим, анги ахих тутамд эзэмшүүлэх болно” гэсэн юм.
Энэ хичээлийн жилд нийслэл, орон нутагт багш нар хэрхэн ажиллаж, сурагчид яаж суралцсан тухай болон сурлагын хоцрогдол арилгах ажлын эхэн үеийн явц ямар байгаа талаар тандахад ийм байна.
Бэлтгэсэн: Р.Оюунжаргал