АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Майк Маллен Конгрессын гишүүдтэй уулзахдаа дуулиантай мэдэгдэл хийсэн тухай ВВС дамжууллаа. Америкийн гол хамтрагчдын нэг болох Пакистаны Тагнуулын албаныхан “Хаккани” бүлэглэлийнхэнтэй хамтарч ажиллаад зогсохгүй, тэднийг удирддаг хэмээн тэрбээр хэлжээ. Америкийн Тагнуулын төв газрын дарга асан Леон Панетта өнгөрсөн зургадугаар сард мөн ингэж мэдэгдсэн юм. Пакистанд байрладаг тус бүлэглэлийг ЗХУ Афганистан руу цэргээ оруулах үед Маулви Хаккани гэдэг хүн хүүгийнхээ хамт байгуулсан гэдэг.
Афганистаны газар нутаг руу үе үе дайралт хийн, мөргөлдөөн үүсгэдэг уг бүлэглэл “Талибан”-ыхантай хамтарч ажилладаг гэсэн таамаглал бий. Дээрэм, хулгай зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Хаккани” 5-15 мянган цэрэгтэй гэнэ. Пакистаны Тагнуулын албаныхан гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдэж, тэдэнтэй хамтарч ажилладаг гэх мэдээлэл АНУ-ын эрх баригчдыг түгшээсэн хэмээн ажиглагчид онцолжээ. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладен Пакистанд орогнож байсан, түүний хаана байгааг тус улсын тагнуулчид “олж мэдээгүй” хэмээн АНУ өмнө нь мэдэгдсэн билээ.
Америкаас жил бүр санхүүгийн их хэмжээний тусламж авдаг, тус улсын гол хамтрагч гэгддэг Пакистан гэмт хэрэгтнүүдийг удирддаг нь нотлогдвол хоёр улсын харилцаанд дахин цав сууна хэмээн тэд үзэж буй юм. “Пакистаны эрх баригчид хэт даврагчид, гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдсэнээрээ хоёр улсын стратегийн түншлэлийг үгүй хийгээд зогсохгүй, өөрсдийнхөө нэр хүндийг алдаж байна. “Хаккани”-ийн цэргүүдэд Кабулд халдлага зохион байгуулахад нь Пакистаны тагнуулчид тусалсан гэж баттай эх сурвалж бидэнд мэдээлсэн” хэмээн Майк Маллен хэлсэн үгэндээ дурджээ.
Х.ОДОНЧИМЭГ