ХБНГУ-ын Шиллерхоэ (Schillerhohe Hospital) эмнэлгийн эмч Торстен Валлесаар ахлуулсан баг нохой хорт хавдрыг үнэрлэж мэддэгийг тогтоожээ. Немц овчарк, австрали овчарк, лабрадор-ретривер үүлдрийн нохой нь арьс, төвөнх, өндгөвч, хөх, ходоодны хорт хавдрыг үнэрлэж мэддэг аж. Нохойны энэ чадварын талаар 1989 онд мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлж байсан ч батлагдаагүй өдий хүрсэн гэнэ. Уушгины хорт хавдраар өвчилсөн 60 гаруй хүн, эрүүл 16 хүний шүлс хийсэн шилнүүдийг дөрвөн нохойгоор үнэрлүүлжээ.
Тэд хорт хавдартай хүмүүсийн шүлстэй шилийг үнэртсэнийхээ дараа хурдан холдож байсан бол эрүүл хүмүүсийнхээс “жийрхээгүй” байна. Ноход тамхи татдаг, антибиотик уусан хүмүүсийн шүлснээс “жийрхээгүй” атлаа хорт хавдартай хүмүүсийн шүлс рүү ерөөсөө ойртоогүй аж. “Хорт хавдартай хүмүүсийн шүлснээс чухам ямар үнэр үнэртдэгийг тогтоох нь хамгийн чухал. Тэгснээр хорт хавдрыг эхний шатанд нь оношлох боломжтой болж байна” хэмээн Торстен Валлес хэлсэн байна.
Х.ОДОНЧИМЭГ