Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах оронд даваа гарагт осолдсон “China eastern airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг олсноо Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн ослыг мөрдөн шалгах төвийн дарга Мао Яньфэн мэдээлжээ. Олдсон хайрцаг их гэмтэлтэй учир үүнийг нислэгийн мэдээлэл хадгалдаг нь уу, дуу хураагуур уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. “Бид нөгөө хар хайрцгийг хараахан олоогүй. Үүнийг болон нисэх онгоцонд явсан 132 хүнийг хайх ажил үргэлжилж буй бөгөөд бороо орсон нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна” гэж тэрбээр хэлэв. Мөн аврагчид ажиллагаа явуулж байгаа газрынхаа 46 мянга орчим ам метр талбайг шалгаж, амь үрэгдэгсдийг шарилыг олжээ. Осолдсон “Boeing 737” нисэх онгоцыг “China eastern airlines” компани 2015 оны зургадугаар сарын 22-нд хүлээн авсан гэнэ. Нисэх онгоц даваа гарагт нислэгт гарахаасаа өмнө засвар үйлчилгээний стандарт болон багийн гишүүд нислэгт тэнцэх шаардлагыг хангасан байсныг тус компанийн Юньнань муж дахь салбараас мэдээлжээ.