Грекийн эрх баригчид санхүүгийн хямралыг даван туулах, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө танилцуулсан тухай ВВС дамжуулжээ. Тус улсын Сайд нарын танхимаас гаргасан шийдвэрийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 20 хувиар багасгах, төсвийн ажилчдын цалинг танах, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэхээр болжээ. Төсвөө танахаас гадна өөр улсаас хөнгөлөлттэй зээл, тусламж авах шаардлагатай хэмээн Грекийн эрх баригчид үзэж буй. Тус улсын Засгийн газар ОУВС, Европын холбооны төлөөлөгчидтэй хоёр хоногийн турш хэлэлцсэний дүнд энэ шийдвэрийг гаргасан юм.
Грекчүүд төсвөө танаж, мөн найман тэрбум еврогийн тусламж авснаар дампуурахаас сэргийлж чадна хэмээн ажиглагчид онцолсон аж. Тус улсын Засгийн газрын төлөөлөгч Илиас Мосиалосын хэлснээр “Манай улс хөрөнгө оруулагч, зээлдэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Эдийн засгийн хямралыг давахын тулд энэ хөтөлбөрийг 2014 он хүртэл хэрэгжүүлнэ” гэжээ.
Грекийн Засгийн газар дампуурч магадгүй гэх сургаар валютын зах зээлд еврогийн ханш буурч байгаа бөгөөд энэ нь Европын бүсийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Грекийн эдийн засгийг аврах эл төлөвлөгөө нөгөө талаар сөрөг үр дагавар дагуулж магадгүй байна. Тэтгэврийн хэмжээг багасгах, төсвийн ажилчдын цалинг танахыг эсэргүүцсэн хүмүүс ажил хаялт зарлаж, жагсаал хийсээр байгаа. Энэ нь цаашид даамжирч улс орныг хамарсан үймээн дэгдэж ч болно. Энэ бүхний үр дагавар эдийн засагт мөн л сөргөөр нөлөөлөх аж.
Х.ОД