…Тухайн үед нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, ярьж байсан ч С.Амарсайханы сонголт нь дүүжин тээвэр байв. Гэтэл хотын одоогийн удирдлага өмнөх мээрийн хойш тавьсан хурдны галт тэрэг (LRT) нэвтрүүлэх төслийг дүүжин тээврийн өмнүүр зүтгүүлж, Хятад, Монголын томоохон компаниудтай хамтран ажиллахааар болоод байна…
Нийслэлд дүүжин тээвэр нэвтрүүлэх санаачилга “Улаанбаатар метро” төслийн адил замхрав. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд, тус орны Төрийн сангаас 40 жилийн хугацаатай олгосон хөнгөлөлттэй зээл (60.7 сая евро буюу 96.5 тэрбум төгрөг)-ээр хэрэгжүүлэхээр шийдэж, инженер, дэд бүтцийн ажлыг нь эхлүүлэхэд бэлэн болоод байсан эл төсөл гараанаасаа хөдөлж чадалгүй хоёр жил “дуншсаар” чимээ алдарлаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн оны сүүлчээр “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-г үйл ажиллагаа явуулах шаардлагагүй хэмээн татан буулгасан. Төслийг хариуцсан албаны хүмүүс тухайн үед “Дүүжин тээвэр нэвтрүүлэх хоёр чиглэлийг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Иргэдийн эсэргүүцэлтэй тулсны улмаас газар чөлөөлөх ажил саатлаа. Судалгаа, төлөвлөлтийг дахин хийж, тун удахгүй танилцуулна” хэмээн мэдээлснээс хойш дөрвөн сар өнгөрөв. Энэ хугацаанд тус төсөлтэй холбоотой ганц ч үг, өгүүлбэр дуулдсангүй. Хамгийн хачирхалтай нь, дүүжин тээврийн зам барих Францын хоёр компанид манай улс ажлынх нь урьдчилгаа болох 22.3 тэрбум төгрөгийг шилжүүлчихсэн юм билээ. “Пома” группэд 16.2, “Эжис рэйл”-д 6.1 тэрбумыг урьдчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Францын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан мөнгөнийхөө тодорхой хувийг нь зарцуулчихсан гэсэн үг. Гадаадын эдгээр компани Монголд хэдийд ч ирж ажиллахад бэлэн, гагцхүү цар тахлын нөхцөл саад болж байна гэж албаны хүмүүс саяхныг хүртэл бэрхшээл тоочсоор байв. Гэтэл цар тахал намжингуут “Иргэд газраа чөлөөлөхгүй байна” гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй тайлбар тавиад, таг чиг болцгоолоо.
Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон, гүйцэтгэгч компаниудыг нэгэнт тодруулж, ажлынх нь хөлс мөнгийг өгчихсөн энэ тохиолдолд Монголын тал ингэж назгайрч, хариуцлагагүй хандаж болно гэж үү. Харин ч өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг аль хурднаараа хийж, ажлаа түргэвчлэх ёстой биш бил үү. Хэрэв үнэхээр газар чөлөөлөх ажилд саад тотгор учирсан бол эхнээсээ яагаад илэрхий бэрхшээлийг тооцолгүй төлөвлөлт хийж, зураг төсөл боловсруулав. Одоо энэ ажил “хаана”, ямар шатанд явна вэ. Эдгээр ээдрээтэй асуултад хариулт авахаар сүүлийн хоёр өдөр төрийн байгууллагынхантай чаргууцалдлаа. Харамсалтай нь, тэд ам нээсэнгүй. Ажил хэзээ эхлэх нь тодорхой бус атал Францын компаниудад яагаад санхүүжилт олгов, тендер шалгаруулалтыг ямар байдлаар зохион байгуулав гэдэгт хариулт эрж Сангийн яаманд хандахад “Эдийн засгийн хөгжлийн яамныхан энэ асуултад хариулна. Үүнийг хариуцаж байсан хүн тийшээ шилжсэн” гээд шинэ яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүүг нэр заав. Харин өнөөх дарга нь “Энэ асуудал манайхтай огт хамаагүй, нийслэлийн төсөл. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир мэдэх учиртай” хэмээн өөрөөсөө холдууллаа. Нийслэлийнхэн болохоор “Санхүүжилттэй холбоотой асуудлыг Сангийн яамныхан л мэднэ. Урьдчилгаа төлбөрийг тэндээс шилжүүлсэн шүү дээ” гэж учирлав. Үүний дагуу Сангийн яаманд хэдэнтээ хандсан ч халгаасангүй. Тус яамны албан ёсны сайт дахь төсөл, хөтөлбөрийн мэдээллийн санд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл” бүртгэлтэй ч төсөв санхүүтэй холбоотой бүх мэдээлэл нь нууцлагдмал болжээ. Тухайлбал “Пома”, “Эжис рэйл” компанид олгосон урьдчилгаа төлбөрийн баримт саяхан “Шилэн данс”-ны мэдээлэлд нь байсан ч өдгөө алга болжээ. Үндсэндээ дүүжин тээвэртэй холбоотой мэдээллийг албаныхан нууцалж, энэ талаар ам нээхээс ихээхэн болгоомжилж буй байдал хаа сайгүй харагдлаа. Төслийн ажил яагаад таг чиг болов гэдгийг тодруулахаар нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд хандахад мэдээлэл өгөхөөс татгалзав. “Бүтэн өдөр хуралтай” гэдэг тайлбараар ам таглаад, хоёр хоносон юм. Утас руу нь залгаад ч, зурвас бичээд ч тус болсонгүй. Сайн сайхан зүйл ярих болохоороо олны өмнө бөөнөөрөө чихцэлдэн гарч ирдэг, саарыг нь хөндөхөөр бурууг бие бие рүүгээ “чихдэг”, мэдээлэл өгөхөөс зугтаадаг, төрийн албаныхны муухай хандлага энд яруу тодоор харагдав. Төлөвлөгөө ёсоороо хэрэгжсэн бол ирэх онд дуусах байсан дүүжин тээврийн зам барих ажил саатах шалтгаан нь дан ганц газар чөлөөлөлт биш байж магадгүй гэсэн хардлага ч төрлөө. Хэрэв зөвхөн ийм шалтгаантай байсан бол албаны хүмүүс сурсан зангаараа, урьдын адил “Газар чөлөөлөлтөөс болж л ажил гацаж байна” хэмээн иргэдийг буруутгасан бэлэн тайлбар хэлээд аргацаах байсан биз. Үнэхээр газрын асуудал л чөдөр тушаа болсон бол, чиглэлийг нь шинээр тогтоогоод л болчих байсан бол судалгаа, төлөвлөлтийг дахин хийх хангалттай хугацаа өнгөрлөө. Гэвч тэд энэ хугацааг ашигласангүй. Ашиглаж чадсангүй юү, ашиглахыг хүссэнгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний багийнхан түгжрэлийг бууруулах асуудалд гойд анхаарал хандуулж буй, өмнө нь байгаагүй их хэмжээний төсөв тусгуулсан (420 тэрбум), өргөн хүрээний судалгаа, тандалт хийсэн, бодит байдалд үндэслэн “амьдралтай” төлөвлөгөө боловсруулсан хэмээн мэдээлсээр байгаа. Гэсэн атал “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-д хангалттай санаа тавихгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй үүнд хотын даргын амбиц, хувийн “тоглолт” нөлөөлж байж магадгүй юм. Учир нь Францын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ төсөл Шадар сайд С.Амарсайханаар “овоглодог”.
Тэрбээр хотын даргаар ажиллаж байхдаа үүнийг санаачилж, хамтрагч талтай гэрээ, хэлэлцээр хийсэн билээ. Тухайн үед нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, ярьж байсан ч С.Амарсайханы сонголт нь дүүжин тээвэр байв. Гэтэл хотын одоогийн удирдлага өмнөх мээрийн хойш тавьсан хурдны галт тэрэг (LRT) нэвтрүүлэх төслийг дүүжин тээврийн өмнүүр зүтгүүлж, Хятад, Монголын томоохон компаниудтай хамтран ажиллахааар болоод байна. Төмөр замын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлж, 2024 оны хавар дуусгах шахуу төлөвлөгөө боловсруулснаа тэрбээр саяхан мэдээлсэн. Тэрчлэн нийслэлийн холбогдох байгууллагынхан түгжрэл бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх оновчтой арга хэмжээ, шийдлүүдийг тодорхойлох зорилгоор олон нийтийн дунд санал асуулга явуулж, судалгаа хийсэн бөгөөд үүнийхээ үр дүнг хагас сар орчмын өмнө улаанбаатарчуудад танилцуулсан юм. Эл судалгаагаар хурдны галт тэрэг нэвтрүүлэх төсөл иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авч, дэмжигдсэн хэмээн хотын дарга мэдээлж байв. Сонирхолтой нь, эл судалгаанд дүүжин тээврийн төслийг мөн л багтаалгүй, дурдалгүй өнгөрөөсөн. Энэ нь дээрх хардлагыг улам бүр лавшруулж буй юм. Дүүжин тээврийн төсөл үнэхээр амьдралгүй санаачилга байв уу, эсвэл хотын дарга бүтэлгүй ажилд оролцож, “толгойгоо цустах”-ыг хүссэнгүй юү, үгүй бол хэрэгжүүлэх ёсгүй гэж үзэв үү. Ямартай ч эл санаачилга ойрын жилдээ хэрэгжихгүй нь бололтой.
Энэ төсөлд хоёр орон хамтрах шийдвэр гарсны дараа тухайн үеийн хотын удирдлага нийслэлийн төв талбайд нэгэн улаан бүхээг байршуулсан нь нэлээд удаан хугацаанд байсныг уншигчид мартаагүй. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд УИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөл дүүжин тээврийн загвартай ийнхүү анх танилцаж байлаа. Харин одоо зам ч үгүй, бүхээг ч үгүй, төсөл ч үгүй боллоо. Гэтэл тус санхүүгийн хэлэлцээрийн төслийг батлахад хувь нэмэр оруулсан улстөрчид ч, зөв зүйтэй санаачилга хэмээн тухайн үед онцолж байсан одоогийн Ерөнхий сайд ч, энэ бүх балгийн эх суурийг тавьсан байж болзошгүй (газар чөлөөлөх боломжийг тооцоолгүй чиглэл тогтоосон нь үнэн бол) Шадар сайд С.Амарсайхан ч ганц үг ганхийлгүй өнөөдрийг хүрлээ. Товчхондоо Улаанбаатар хотод дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл эзэнгүй болж, замхарчээ.