Экспортод нь хориг тавьсны дараа Орос, Украины бүтээгдэхүүн хүнсний зах зээлээс “гарч” байгаа нь дэлхий даяар хүнсний хомсдол үүсэх болгоомжлол төрүүлж байна. Ялангуяа импортоос хамааралтай улс орнууд үүнд илүү их санаа зовж, шинэ ханган нийлүүлэгчдийг аль хэдийн хайж, нөөц бий болгохыг хичээж байгаа нь үнэ өсөхөд хүргэжээ. Мэргэжилтнүүд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг өнөөгийн нөхцөл байдлаас гарах зам гэж харж буй бол импортлогчид хүнсний аюулгүй байдалд хөрөнгө оруулахад бэлэн болсон гэнэ. Тухайлбал, Африкт халуунд тэсвэртэй үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хямралын үед Европт хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг, тусламж үзүүлэх нь зүйтэй, эсэх талаар хэлэлцүүлэг эрчимжжээ. Ливаны Засгийн газар АНУ, Энэтхэг, Казахстанаас улаан буудай авах талаар хэлэлцээ хийж байна. Улаан буудайн хамгийн том импортлогч Египет (өнгөрсөн онд онд 6.1 сая тонн) Энэтхэгтэй хэлэлцээ хэдийн хийжээ. Египет улаан буудайнхаа 70 орчим хувийг Оросоос, 10 хувийг Украинаас импортолдог байсан аж. Энэтхэг улс улаан буудайн дэлхийн хамгийн том экспортлогч болох ОХУ-ыг орлох бололтой. Үүний тулд элеваторын хүчин чадлаа нэмж, үр тариа тээвэрлэдэг боомтуудын тоог олшруулахаар төлөвлөж байна. Орос болон Украин энх цагт дэлхийн үр тарианы экспортын гуравны нэгээс илүү хувийг эзэлж, наранцэцгийн тосны нийлүүлэлтээрээ тэргүүлэн, экспортын зах зээлийн 52 хувийг бүрдүүлж байжээ. Өнөөгийн хямралын улмаас үр тариа, бордооны үнэ 8-22 хувиар өсөх магадлалтай гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үзэж байна. Улмаар 2022-2023 онд дэлхийн хэмжээнд хоол тэжээлийн дутагдалд орсон хүний тоо 8-13 саяар буюу одоогийн түвшнээс 1-2 хувиар нэмэгдэх төлөвтэй аж.
Олон улсын үр тарианы зөвлөлийн тэргүүн Арнауд Петитийн хэлснээр Энэтхэг, Австралиас бусад хүнс экспортлогч нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлж чадахгүй. Канад, Аргентин, Австрали улс ирэх улиралд улаан буудайн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг оролдож магадгүй ч Украины эргэн тойрны хямралтай холбоотой түлш, бордооны үнийн өсөлт, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас энэ үйл явц удааширна гэж тус зөвлөлөөс мэдэгджээ. Үүний сацуу улс орнууд Орос, Украины хямрал дуусах хүртэл төсвийн эрс хэмнэлтийн дэглэм тогтоож байна. Жишээлбэл, Египетийн Засгийн газар ирэх долдугаар сарын 1-нд эхлэх 2022-2023 оны төсвийн төсөлдөө боловсрол, эрүүл мэнд, хүн амын нийгмийн хамгааллын салбарт төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс бусад салбарын зардлыг хамгийн бага байхаар тусгав. Тус улс ирэх сараас тэтгэврийг 13, цалингийн доод хэмжээг 8-15 хувиар нэмэхийн сацуу хүн амаа санхүүгийн хувьд дэмжих бусад аргыг хэрэглэх гэнэ. Сүүлийн гурван сард тус улсын хүнсний үндсэн нэр төрлийн үнэ нэмэгдсэн учир тухайлбал, талхны үнийг өсгөх шийдвэр гаргажээ. Украины 2022 онд хаврын тариалалтын талбайн хэмжээ өнөөгийн нөхцөл байдлын улмаас өмнөх таамаглалтай харьцуулахад хоёр дахин буурч болзошгүй гэж Хөдөө аж ахуйн бодлого, хүнсний яамны сайд Роман Лещенко нь мэдэгдэв. Тэгвэл ОХУ-д энэ улиралд инфляцийн огцом өсөлт, импортын хүндрэл, зээлийн өртөг нэмэгдсэн зэргээс шалтгаалан улаан буудай, наранцэцэг, төмс, хүнсний ногоо, чихрийн нишингэ тариалсан нийт зардал нэг их наяд рубльд хүрч, дээд амжилт тогтоож мэдэх гэнэ. Энэ нь жилийн өмнөхөөс дор хаяж 20 хувиар өндөр үзүүлэлт аж. Зах зээлд оролцогчдын үзэж байгаагаар тус салбарыг дэмжих одоогийн хөтөлбөрүүд нь шаардлагатай зардлын гуравны нэгийг л хамардаг. Үүний зэрэгцээ зарим бүс нутагт тариаланчид шаардлагатай хөнгөлөлттэй зээлийг авах боломжгүй болсон байна. Украины нөхцөл байдлаас үүдэн хүнс, бордоо, нефть, хийн үнэ өссөн нь дэлхийд хүнсний хямрал үүсэх аюул бий болгосныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдээд, зэвсэгт тэмцлээ зогсоохыг уриалжээ.