Манай улс энэ хавар 552 000 га талбайд тариалалт хийхээр болсон нь өнгөрсөн оныхтой ойролцоо дүн. Хаврын тариалалтын бэлтгэл буюу тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг ирэх сараас эхлүүлэх бол гуравдугаар долоо хоногоос нь газар шорооных нь ажлыг өрнүүлэх юм. Аж ахуйн нэгжүүд ямар бүтээгдэхүүн, хэр хэмжээтэй талбайд тарихаас шалтгаалж, тариалалт сар орчим үргэлжилдэг. Тэгвэл ажлын бэлтгэлээ аж ахуйн нэгжүүд, холбогдох яам, байгууллагууд хэрхэн хангаж байгаа бол. Газар тариалан эрхлэгч компаниуд, ялангуяа үр тарианы салбарынхны төлөөлөл болох Монголын тариаланчдын үндэсний холбооноос (МТҮХ) энэ талаар тодрууллаа. Тус холбоонд 10-аад аймаг, 70 гаруй сумд улаан буудай, тос, тэжээлийн ургамал тарин, үр тарианы дийлэнх хувийг нийлүүлдэг компаниуд харьяалагддаг аж. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд, гурилын үйлдвэр хоорондын өр, авлагыг барагдуулаагүй байгаа нь энэ хаврын ажлыг эхлүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл гэнэ. Одоогоор тариаланчид гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас (ХААДС) 13-14 тэрбум төгрөг авах ёстой аж. Гэтэл мөнгө нь орж ирээгүй байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн үтрэмд борлуулж чадаагүй 60 000 тонн улаан буудай бийг МТҮХ-ныхон дурдсан. Үүнийг худалдан авах шийдвэрийг Засгийн газраас гарган, ХААДС-д нийлүүлэхээр болсон ч ажил хэрэг болоогүй хэвээр байгаа юм. Уг нь жилийн өдийд тариаланчид болон ХААДС, гурилын үйлдвэр хоорондын өр, авлага дуусчихсан байдаг үе юм байна. МТҮХ-ны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ “Өнгөрсөн жил манай улсын хэмжээнд арвин ургац авсан. Үүнд цаг агаарын таатай байдал нөлөөлснөөс гадна тариаланчдын нөр их хөдөлмөр зүтгэл орсон. Гэтэл их хэмжээний ургацаа хэрхэн хадгалах, боловсруулах, борлуулахад асуудал үүссэн. Одоогоор 60 000 тонн улаан буудайнаас гадна 35 000 орчим тонн тосны ургамал хадгалагдаж буй. Энэ нь үйлдвэр, агуулахын хүчин чадал бага, экспорт хийх боломжгүйгээс шалтгаалсан.
Цаашид газар тариалангийн бүтээгдэхүүний экспортод онцгой анхаарахгүй бол тарьсан, ургуулснаа “шингээж” чадахгүй, тариаланчид хохирч, улмаар салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх нь. Үүнээс гадна зээлийн хугацааг уртасгаж өгвөл илүү тустай байх сан. Хэдийгээр бага хувийн хүүтэй ч богино хугацаатай зээл авах нь өгөөж муутай. Тариалангийн салбарт уринш, тариалалт ээлжилж хийдгээс хоёр жилд нэг удаа ашиг хүртдэг. Хэрэв урт хугацаатай зээл олдвол аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд бэхэжнэ. Мөн шатахууны үнэ өсөж болзошгүй нөхцөл үүсэн, валютын төлбөр тооцоог ч хязгаарлалаа. Газар тариалангийн салбарт зарцуулдаг хөрөнгийн гуравны нэг нь шатахуунд ногддог. Тиймээс шатахуун худалдан авахад нэмж дэмжлэг олгоосой. Мөн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бордоо болон бусад бодисын гадаад төлбөр тооцоог саадгүй хийхэд Төвбанк дэмжих байх гэж найдна. Товчхондоо, энэ хаврын хувьд авлагаа авчихвал аж ахуйн нэгжүүд ажилдаа гарахад бэлэн” гэв. Хаврын тариалалтыг дэмжих зорилгоор нийт 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, үр суулгах, уринш бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй өгөх юм. Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрүүдэд ч анхаарал хандуулж, эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн бэлтгэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, мөн гурван хувийн хүүтэй олгохоор болсон юм. Түүнчлэн тариаланчдад 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр өгөхөөр болжээ. Жил бүр газар тариалангийн салбарт хавраас намар хүртэл 5000 гаруй тонн шатахуун зарцуулдаг аж. Эл бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн байлгахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анхаарах гэнэ. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөрс ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ “Гурилын үйлдвэрүүдийн дийлэнх нь бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө төлсөн. “Алтан тариа” компани л зарим өрөө барагдуулаагүй байгаа. Бид тариаланчдаа боломжийн хэрээр дэмжиж байна. Өмнө нь нэг жилийн хугацаатай зээл олгож байсан бол энэ оноос 24 сараар өгч эхэлсэн. Түүнчлэн энэ жил импортоор улаан буудайн үр авахгүй. Үрийг аж ахуйн нэгжүүд болон улсын нөөцөөс гаргана. Энэ хаврын тариалалтыг эхлүүлэх бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Үртэмд байгаа улаан буудайг хэзээ, ямар шалгуураар худалдан авах талаар ХААДС-гийнхан илүү мэднэ” гэлээ.
Тэгвэл ХААДС-гийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн “Аж ахуйн нэгжүүдийн үтрэмд очин улаан буудайнх нь чанарыг шалгах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Бидний тооцоолсноор 60 000 биш, 50 000 гаруй тонн тариа байна. Үүнээс хүнсний чанарын шаардлага хангах нь хэдэн тонн байгааг нарийн тогтоох юм. Өнөөдрийн байдлаар (өчигдөр) стандартад нийцсэн 10 000 тонн тариаг худалдан авахаар болсон. Мөн аж ахуйн нэгжүүдэд тариагаа хатаах, хог, хаягдлаас нь ялгах үүрэг өгсөн. Хатааж ялгасан, үйлдвэрийн шаардлага хангах тариаг худалдан авахад асуудал байхгүй. Стандартын шаардлагад нийцээгүй улаан буудайг бол авахгүй. Мал, амьтны тэжээлд зориулан зарах байх. Одоогоор манай сангаар дамжуулан гурилын үйлдвэрүүдэд борлуулсан улаан буудайнд олгох 20 тэрбум төгрөгийн өр бий. Үүнийг энэ сард багтаан аж ахуйн нэгжүүдэд нь олгох төлөвлөгөөтэй. Нэмж худалдан авах тарианы зардлыг хэрхэн гаргах талаар ярилцаж буй” гэв. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгож буй гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур тодорхой биш байна гэх хүн цөөнгүй таарав. Тодруулбал, ямар үл хөдлөх хөрөнгө барьцаалбал багадаа хэдий хэр мөнгө авч болох талаарх мэдээлэл дутмаг байгаа аж. Мөн газар тариалан эрхлэгч жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь томоохон оффис, үл хөдлөх хөрөнгөгүй тул зээлийн барьцааны шаардлага хангаж чаддаггүй гэсэн. Үүнээс гадна хэрэв тухайн жилийн ургацын хэмжээ их бол хадгалах зоорь, агуулах, элеватор байхгүйгээс борлуулж чадахгүйд хүрч буй нөхцөл ч үүслээ. Цаашид газар тариалангийн бүтээгдэхүүний экспортын сувгийг нээх, аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах, борлуулахад анхаарахгүй бол ийнхүү улаан буудай, рапс намраас хавар хүртэл талбайд “өнжих” нь.
Бэлтгэсэн С.Дулам