ОХУ, Украины хооронд үүссэн асуудал, дагалдан гарч буй дотоод, гадаад үр дагаврууд, түүний эсрэг авах арга хэмжээний талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэдээлэл сонссон байна. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, ачилт буюу уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцуулсан байна. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн бөгөөд “ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс, гүрнүүдийн тавьж буй хоригоос үүдэлтэй дам нөлөөнүүд манайд их, бага хэмжээгээр мэдрэгдэж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл шатахууны нийлүүлэлт болон төлбөрт ямар ч саатал гараагүй. ОХУ-ын зүгээс нийлүүлэлтээ өөрчлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн. Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 орчим сая ам.долларыг шатахууны төлбөрт шилжүүлсэн. Цаашдаа ч энэ байдлаа хадгалахыг хаана хаанаа хичээж ажиллана. Хоёр талт хамтын ажиллагааны буюу хөгжлийн түнш хэлбэрээр манай Засгийн газартай ажилладаг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк зэргээс зарим нь ОХУ-ын эсрэг хоригт нэгдэхээ хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ямар байр суурьтай байгааг нь асууж, тодруулж байгаа. Манай байр суурь тодорхой. НҮБ-ын хуралдаанд түдгэлзсэн нь Монгол Улсын байр суурь. Ойрын хугацаанд Төвбанкан дахь валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо том зургаар нь хүчтэй хэрэгжүүлэх ёстой. Нэгэнт шатахууны хэрэглээг дотоодод хязгаарлах боломжгүйгээс хойш экспортоо сайн хийх ёстой. Экспорт муу байгаагаас АМНАТ-ийн орлого хөдлөхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас өгсөн мэдээллээр 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээлээр авч, төсөвт төвлөрүүлэхээр байна. Экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрчихвэл өр, төлбөрийг асуудалгүйгээр дарчихна. Гэхдээ уртын тээврийг эхлүүлснээр боомттой холбоотой асуудлууд шийдэгдчихгүй. Цагаадхадны боомтод хуримтлагдсан, Хятадад худалдсан нүүрсээ эхний ээлжид гаргана. Цаашид тэнд их хэмжээний нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Эдийн засаг, хөгжлийн сайдыг хэзээ томилох бол?
-Тус яам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ерөнхий сайд хэзээ томилохыг би хэлж мэдэхгүй. Яамны бүх ажил нь саадгүй явж байгаа. Мэдээж сайд нь нэг ч болов өдрийн өмнө томилогдвол Засгийн газрын ажилд нэмэртэй.
-Ам.доллар олдохгүй байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Төвбанкны ерөнхийлөгч энэ талаар мэдээлэл хийсэн. Монголбанкны ажилд Засгийн газар шууд оролцох боломжгүй. Заавар, чиглэл ч өгдөггүй. Энэ бол бие даасан, хараат бус институц. Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, экспортоо дэмжих Төвбанкны бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл, ам.долларын хөөсөрсөн эрэлт бий болгохгүй байх Монголбанкны арга хэмжээг дэмжинэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор тодорхой хязгаарлалт тавих нь зөв. Гэхдээ стратегийн, зайлшгүй шаардлагатай уул уурхайн тэсэлгээ, бордоо гэх бүтээгдэхүүнүүдийн төлбөр болох ам.долларын нийлүүлэлтийг Төвбанк таслахгүй хийгээд явж байгаа юм билээ. Харин тансаг хэрэглээний импортыг хязгаарлах нь зөв. Энэ талаарх саналаа Засгийн газарт уламжлах байх. Зөвхөн “Ландкруйзер-300” маркийн авто машинд 500 гаруй сая ам.доллар төлж буй юм байна. Ийм хүнд, цаашдаа олон асуудал тодорхойгүй байгаа үед бид импортын бүтээгдэхүүндээ л онцгой анхаарах хэрэгтэй. Мөн банкууд нэг харилцагчид 3000-5000 ам.долларын хязгаарлалт тавьсан байна лээ. Энэ бол байдаг л арга хэмжээ. Хязгаарлаж чадахгүй бол бид багахан хэмжээний нөөцтэй, экспорт хангалтгүй байгаа энэ цаг үед байдал улам хүндэрнэ. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд хувь хүмүүс төгрөгөө ам.доллар болгож байгаа нь нэмэлт дарамт үүсгэж байна. Түүнчлэн шатахуун импортлогчдод нэлээд анхаарал тавьж байгаа. Одоо байгаа шатахууны нөөцийг өнгөрсөн оны эцэст Төвбанк эх үүсвэрийг нь гаргаж, банкуудаар дамжуулан олгож, нефть импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл өгч байж бүрдүүлсэн. Уг нөөцийг бүрдүүлж байхад баррель нефтийн ханш 78 ам.доллар байсан. Одоо 118 ам.долларт хүрлээ. Энэ үнэ 140 ам.доллароос дээш гарвал импортлогчид нөөц татах мөнгөгүй болно. Үүнийг бид тооцоолсноор өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаад, ямар ч байсан урьдчилсан бэлтгэлээ хангасан. Үнэ өсөхөд импортлогч нарт дэмжлэг үзүүлж, баталгаа гаргах гэх мэт арга хэмжээ авна. Ингэснээр шатахууны нийлүүлэлтэд шок үүсэхгүй. Харин бид шатахууны үнийг яагаад ч зохицуулж чадахгүй. Долоо хоногийн дотор 30 ам.долларын зөрүү гарч байна шүү дээ.
-Оросын банкны машинууд Монголд үзэгдэх болж, доллар цуглуулаад байна гэх мэдээлэл бий.
-Рублийн ханш унахаар Орос, манайх хоёрын дунд үүргийн худалдааны шинжтэй наймаа хийгдэж байхыг үгүйсгэхгүй. Үүнийг гаалийн хяналтын бүсдээ хяналтыг нь чангаруулах замаар шалгана. Түүнээс биш Орос руу рубль, доллар гаргахгүй гэж хязгаарлаж болохгүй. Гэвч богино хугацаанд ашиг олох сонирхлоор, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт өндөр дүнгээр арилжаа хийхийг зөвшөөрөхгүй. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн (өчигдөр) хуралдаанаар ч ярьсан. Хүчний байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг өгсөн. Миний бие Гаалийн ерөнхий газрын удирдлагад мөн чиглэл хүргүүлээд байна. Бэлэн мөнгөөр рубль, доллар авах үйл ажиллагааг хил дамнуулан, зохион байгуулалттайгаар хийж хэрхэвч болохгүй. Үүнийг маш амархан тогтооно.
Бэлтгэсэн Б.Уран