Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг маргаашаас борлуулах нь. Өнгөрсөн намар, өвөл 23 аж ахуйн нэгж үхэр, хонь, ямааны нийт 12 600 тонн мах бэлтгэсэн бөгөөд кг нь 7100-8900 төгрөгийн үнэтэй байх аж. Тодруулбал, үхрийн махыг кг-ыг нь 8900, хониныхыг 8300, ямааныхыг нь 7100 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс үхрийн махны үнэ 1200, хонь, ямааных нь 1600, 1100 төгрөгөөр ахисан дүн юм. Махыг есөн дүүрэг дэх 468 хүнсний дэлгүүрээр борлуулж и-баримт олгох юм байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатарын иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20 000 тонн мах бэлтгэх шаардлагатай гэсэн дүн байдаг ч 2020, 2021 онд нийт 22 000 гаруй тонныг нөөцлөн, борлуулсан юм.