Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа, хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж буй тухай бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл өчигдөр ЭЦА-ныхан Яармагийн гүүрний хойд талд байрлах ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, хоёр том хайрцаг дүүрэн санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ. Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа юм билээ. Албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, өчигдөр орой зарим албан тушаалтнаас нь мэдүүлэг авсан юм. Тухайлбал, ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авчээ. Мэдүүлэг өгөөд гарахад нь тайлбар авахаар хандсан боловч тэрбээр ямар нэг зүйл ярихаас татгалзсан юм. Өнөөдөр ч тус сангийн хэд хэдэн албан тушаалтан, зарим аж ахуйн нэгжийн удирдлагаас тайлбар авахаар болсныг эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, тус санд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Нямсүрэнг ХААДС-гийн хөрөнгө, зээлийг завшсан байж болзошгүй хэмээн шалгахаар болсон гэнэ.
Цагдаагийнхан энэ шалгалтаараа улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд ТЭДС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж, буцаан төлсөн, эсэхийг нь нягталж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн авсан зээл, “Шунхлай”-н П.Батсайхан, “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг, “Камертон” хамтлагийн дуучин, “Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс дээрх сангаас зээл авсан байдаг аж. Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаагийн 550 нь компани гэнэ. Тэднээс хэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай, зээлээ төлсөн, үгүйг нь бид удахгүй мэдээлэх болно.
Бэлтгэсэн Г.Равжаа