2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас бүхэлд нь хүчингүй болголоо. УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр, төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна. Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61.3 сая ам.долларын зээл, хүүгээ хугацаандаа төлөөгүй, гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болжээ. “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан. Улмаар өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан, төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах саналыг Хөгжлийн банкнаас гаргасан байна. “Бейзмент” ХХК нь “Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилж, 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажиллажээ. Ингээд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, тодорхой хаяггүй, эзэнгүй болсон байна.