Афганистаны нийслэл Кабулд болсон халдлагын үеэр тус улсын Ерөнхийлөгч асан Бурхануддин Раббани амиа алдсан тухай ВВС дамжуулав. Кабулын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг шалгах хэлтсийн дарга Мохаммад Захир “Халдлага болох үед Бурхануддин Раббани “Талибан” бүлэглэлийн хоёр төлөөлөгчтэй уулзаж байсан гэх мэдээлэл байна. Амиа золиослогч түүний гэрийн дэргэд бөмбөг дэлбэлсэн” гэжээ. Мөн халдлагын үеэр одоогийн Ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Масум Станекзай шархадсан гэнэ.
Өдгөө 71 нас хүрээд байсан Бурхануддин Раббани 1980-1990 онд Афганистаны жихадуудыг удирдаж, 1992 онд Нажибуллагийн Засгийн газар огцорсны дараа Төрийн тэргүүн болсон билээ. Тажик үндэстэн тэрбээр Египетэд боловсрол эзэмшсэн, 1979-1989 онд Афганы дайнд оролцож, 20 мянга гаруй цэргийг удирдаж байжээ. 2001 онд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгснийхөө дараа Афганистаны Энхийн дээд зөвлөлийг тэргүүлэн, энгийн амьдралаар амьдрахыг хүсэж буй “Талибан” хөдөлгөөний дайчдад тусалж байв.
Х.ОД