Нийслэлийн ЗДТГ-аас гарааш нурааж, газар чөлөөлж байна. Энэ онд нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Мөн 57 байршлын 457 зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийг зайлуулж, газар чөлөөлөх аж. Ажлаа өнгөрсөн долоо хоногт дуутайхан эхлүүлсэн. Хүмүүс хэдийгээр хөрөнгө зарцуулж эдгээрийг байгуулсан ч гэлээ зөвшөөрөлгүй барьсан болохоор эсэргүүцэхгүй байх шиг. Уг алхмыг иргэд сайшаах нь давамгай бөгөөд санаа бодлоо илэрхийлсээр байна. Жишээ нь, нэгэн иргэн нийгмийн сүлжээнд “Чөлөөлсөн газартаа байшин бүү бариарай. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн л хэрэгтэй байна. Хүүхдээ дагуулж очоод дураараа алхчих, зүлгэн дээр дэвсгэр дэвсээд цайлчихдаг, яг л ойн бяцхан цоорхой шиг орчинтой бол говол сайн сан” гэжээ. Өөр нэгэн хүн “Баярлахаа азная. Зарим газарт нь барилга барих тухай ярьж эхэллээ. 1000 машины зогсоол, кинотеатр, үйлчилгээний төвийн сураг дуулдаад байна. Цаад санаа нь тийм байж” гэжээ. Дуурийн дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Үр хүүхдүүдэд ногоон байгууламж л хэрэгтэй шүү, хотын дарга аа. Чөлөөл сөн газруудыг ухаж, төнхөн сүйтгэж, цементлэхгүйгээр гайхамшигтай гоё цэцэрлэгт хүрээлэн болгоод өгөөч” гэв. Үнэхээр нийслэлийн оршин суугчдад ногоон байгууламж, явган хүний зам юу юунаас илүү хэрэгтэй. Хотынхоо гудамжаар хөлөө машины дугуй доор оруулчих аюулгүй, сэтгэл амар, их хотын иргэн гэдгээ мэдэрч, эрхэмсэг бардам алхмаар байна. Хэдий болтол машин зам царайчилж, ар тийш эргэн, эргэн харж, тээглэж унах шахан алхах вэ. Ингэж яваад ус зайлуулах хоолойд өрөөсөн хөлөөрөө унаж, ахар сүүлээ гэмтээсэн бүсгүй Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлээд явж байхтай таарч байлаа. Тэмтчиж явахад хөдөлгөөний аюулгүй байдал алдагддагийн сацуу машины яндангаас ялгарах хорт утаагаар ам, хамраараа амьсгалж, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байдаг. Ингээд яриад эхлэхээр социализмын үеийн Улаанбаатарын машинтай болон явган хүн чөлөөтэй зорчих өргөн, сэлүүхэн гудамж, цэмцгэр талбай, өтгөн саглагар модтой, үрэл, нохойн хошуу улалзсан цэцэрлэгүүдийг эрхгүй санадаг. Нийгэм хэмээх хөлөг онгоцныхоо жолоог ардчиллын зүгт эргүүлсэн биш энд дурдсан бүхнээсээ бид салсан. Сэргээх, өөд нь татах хугацаа хэдэнтээ өнгөрсөн ч нийслэлийн үе үеийн удирдлагын хэн нь ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн нь үнэн билээ. Өдгөө нийслэлд Явуугийн, төв талбайн урдах “Хонхтой”, “Улаанбаатар” зочид буудлын болон
“Сентрал тауэр”-ын өмнөх гэх мэтчилэн хуруу дарам цөөн цэцэрлэгтэй. Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс олон байршилд гарааш буулгаж, газрын зөрчлийг арилгахаар идэвхийлэн ажиллах болсон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй юуны өмнө холбоотой аж. Хотын нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилготой. Сайн хэрэг. Энд дурдсан тоог харахад өмнө нь юу хийж байсан бэ, яагаад ийм олон байршилд зөвшөөрөлгүйгээр тийм олон объект байгуулах боломж олгосон бэ. Тэр болгонд авлигын мөнгө гараас гарт дамжуулж байв уу. Энэ талаар эргэн харж, хариуцлага тооцох уу. Эс бөгөөс хэзээ ч бүтэхгүй гэсэн ангилалд хамруулж, хэрэгсэхгүй орхих уу гэсэн асуулт урган гарч буй юм. Үүнийг мөн тусад нь авч үзэх буй за. Нийслэлийн Газрын албанаас гаргасан мэдээллээр бол өнгөрсөн онд нийт 985 гарааш, чингэлэг, зөөврийн байгууламж буулгаж, газар чөлөөлж, 43 байршлын 30 201 ам метр газарт тохижилтын ажил хийх боломж бүрдүүлсэн гэнэ. Үүнээс дөрвөн байршилд нь тохижилтын ажил хийж дуусгасан гэсэн. Энэ дөрвөн байршил нь хаана вэ. Тэнд явган хүний замыг стандартын дагуу барьсан уу. Ер нь явган хүний зам барих стандарт гэж байна уу, мөрддөг үү. Хэрвээ байдаг бол яагаад мөрддөггүй вэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрснийг байн байн дурдаад яах вэ, урагшаа харж ажиллая” гэх маягаар хэлсэн байна лээ. Тэр нь зөв ч гэлээ нийслэлийг өнөөдрийнх шиг талхалсан буруутнуудын талаар юу ч ярихгүй, өршөөх мэт өнгөрөөх нь зүйд нийцэхгүй л болов уу. Чөлөөлсөн газруудад дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхлүүлэх юм билээ. Хотын удирдлагын ярьснаар нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орох бөгөөд тендер шалгаруулах процесс эхэлсэн аж. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлт хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтийг илүү нарийвчлан хийх болж. Уг ажлыг хотын ерөнхий архитектор хариуцах юм байна.
Дэлхийн хотуудын жишиг, стандартаар бол Улаанбаатарт 500 мянгаас илүү хүн амьдрах боломжгүй гэдэг. Төлөвлөлтийг ч тэгж хийсэн. Тиймдээ ч социализмын үед гудамж, талбай цэлгэр, машин нь машиныхаа, хүмүүс нь явган хүнийхээ замаар явдаг байсан байх. Гэтэл өнгөрсөн 30 жилд дулааны шугамаа дагуулан байшин барьсаар, бүр чигжиж орхисноос өнөөдрийн машин, хүн хоёр чихцэлдэж байдаг нөхцөл байдал үүссэн билээ. Цаашид явган хүнд зориулсан зам нэлээд барихыг хичээж байгааг харж байна. Яаж барьж, байгуулах вэ гэдэг нь инженерүүдийн шийдэх асуудал ч гэлээ манай улсад улстөрчид нь тэднээс илүү мэдэлтэй байдаг болохоор бүх юм орвонгоороо эргэж ирсэн нь бий. Энэ саадыг давж чадах аваас иргэд машины дугуй доогуур хөлөө оруулах эрсдэл багасна. Явган хүний зам гэж юу вэ. Энэ бол гудамжны нэгээхэн хэсэг нь. Гудамж гэдэг нь замтай яг адил явж өнгөрөх талбай бүхий орон зай. Машин замаар машин л явах ёстой бол гудамжинд машин, явган болон дугуйтай хүн ч явдаг. Тийм болохоор гудамжийг төлөвлөхдөө автомашины замд илүү давуу байдал олгох бус, бусад хүчин зүйлтэй хамтад нь авч үзэж, хөдөлгөөн ногдох зохист харьцааг баримталж төлөвлөдөг, барьж байгуулдаг аж. Гэтэл энэхүү, хот байгуулалтын үндсэн элемент болсон гудамжийг сайтар төлөвлөдөггүй, төлөвлөсөн ч барьж, байгуулахдаа хэрэгжүүлдэггүй, хянадаггүйгээс болж манай улсад гудамж хэмээх ойлголт алдагдаж иржээ. Үүнээс үүдэлтэйгээр Улаанбаатар хот явган хүний зам ховортой болжээ. Явган хүний зам “хуучин” Улаанбаатарын гудамжуудад бол бий л дээ. Хотын төв хэсэг болон томоохон хорооллууд руу чиглэсэн авто замуудын хажуугаар нарийхан замууд байдаг. Гэтэл тэдний заримаар зорчих аргагүй. Нэлэнхийд нь засах бус, дөрвөлжин чулуунуудыг хооронд нь зайтайгаар газарт суулгаж байгуулсан замыг нь гутлын өсгийгөөр онож гишгэх хэцүү. Түүгээр явснаас хажуугийнх нь шороог манаргаж явбал эвтэйхэн ч юм шиг. Цаашид үүнчлэн хүнээ бус, мөнгө хэмнэхийг урьтал болгосон бүтээн байгуулалт хийх бол өмнөхөөс ялгарахгүй. Тэгэхээр нийслэлд гарааш болон зөвшөөрөлгүй барьсан бусад байгууламжийг буулгаж, чөлөөлсөн газруудад явган хүний зам барихдаа түүгээр зорчих иргэдийг шийтгэх гэж бус, харин сэтгэл тэнэгэр алхах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллаасай. Тэгвэл л ажил хийсний үр дүн гарах биз ээ.