Монголын залуучуудын холбоо (МЗХ) гэж сүржин нэртэй, 21 аймаг, есөн дүүрэгт, цаашлаад гадаад улсуудад ч төлөөлөлтэй хэмээдэг нүсэр бүтэцтэй байгууллагыг татан буулгая. Монголын мянга мянган залуусын нэрийг барьсан энэ байгууллагыг хэсэг хүн өөрсдийн эрх ашиг, улс төрд орох гишгүүр болгож ирлээ. Хааяа нэг тамганы хэрүүл, нүд бүлтийлгэм шийдвэр, шийдлүүд ярьж, олон нийтийн бухимдлыг төрүүлдгээс өөрөөр хийдэг ажил тэдэнд байхгүй. Хамгийн сүүлд гэхэд төв талбайд 2000 шил архи асгана хэмээж олны дургүйцлийг хүргэсэн. Тус холбооноос “Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” аяныг бид дэмжиж ажиллана” гээд архи асгаж, сүржигнэсэн. Олон нийт эсэргүүцэж, шүүмжлээд эхлэнгүүт “Төв талбайд архи асгах нь худал байсан юм” гэх мэтээр холбооны удирдлага мэдэн будилсан зэргээр тоочвол тэдний “драм” дуусахгүй. 100 жилийн түүхтэй гэх МЗХ дөрвөн давхар байртай, 3125 ам метр газартай аж. Уг байрныхаа бараг өнцөг булан бүрийг нь түрээсэлж, мөнгө олдог. МЗХ-ны байранд авто сургууль, хэвлэх, хувилах үйлчилгээ, сургалтын төв, өмгөөллийн товчоо гээд олон байгууллага түрээслэн, үйл ажиллагаа явуулдаг. Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газар ч үйл ажиллагаа явуулах жишээтэй. Холбооны тамгыг булаацалдаад, удирдлагад нь орохын төлөө хүмүүс үхэн хатан зүтгээд байдаг гол шалтгаануудын нэг нь энэ. Харин энэ мөнгө хаана орж, юунд зарцуулдаг вэ гэдэг нь нууц. Бас МЗХ-ны мөнгө олох гол эх үүсвэрүүдийн нэг нь одон, медаль тараах. Тус холбоо “Тэргүүний залуу инженер”, “Тэргүүний залуу хуульч” гэх мэтээр бараг бүх мэргэжлээр тэргүүний залуу тодруулдаг гэхэд хилсдэхгүй. Бас “Хөдөлмөрийн алдар”, “Уурхайчны алдар”, “Тамирчны алдар”, “Тэргүүний сурагч” гээд тоочоод байвал 30 гаруй одон, медаль, тэмдэг болох жишээтэй. Тэр байтугай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Андын гэрэгэ” гэх тэмдэг ч гардуулдаг юм байна. “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” гэх социализмын үеийн тэмдэг ч бий. Зөвхөн нэг төрийн бус байгууллагаас олгодог гэхэд арай л олон эдгээр шагналд үнэ цэн гэх зүйл огт үгүй бөгөөд авсан хүн нь ичмээр. Яагаад гэвэл МЗХ-ныхон уг тэмдгээ бөөн бөөнөөр нь, хэнд ч хамаагүй тараадаг. Зарим тохиолдолд зардаг. МЗХ-ныхон ингээд зогссонгүй, удирдлагаа булаацалдаж, сүүлийн жил гаруйн турш маргалдаж байна. Тодруулбал, холбоо хоёр хуваагдаж, тамга, тэмдгээ булаацалдаж, учир утга нь ойлгогдохоо больсон. Нэг тал нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүндэт ерөнхийлөгчөөрөө томилоод ч амжсан. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон хүнийг “Хүндэт” хэмээн тэргүүндээ залтлаа дампуурсан эл холбоо монгол залуучуудын нэрийг барих эрхгүй гэхэд ч багадмаар. Хуваагдсан МЗХ-ны маргаан газрын асуудлыг тойрон үргэлжилсээр буй билээ. Хотын А бүсэд байрладаг газар нь холбооны удирдлагыг булаацалдаад буй хүмүүсийн гол “бай” ч байж болох. Үндсэндээ одон, медаль зардаг байсан МЗХ-ныхны “бизнес” даамжраад, газраа худалдахдаа тулжээ. МЗХ-ны байрны хойд талын 600 гаруй ам метр газарт барилга бариулахаар болсон гэнэ. Маргалдагч талуудын нэг нь “Холбооны ерөнхийлөгч гэх О.Гэрэлт-Од хууль бус компанид газар олгож, барилга бариулахаар болсон. Тухайн компани нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Харин холбогдох байгууллагынхан шалгаад, зөрчил илрүүлж, барилгын ажлыг зогсоочихоод буй юм билээ” хэмээсэн юм. Ямартай ч холбооны хойд талын газарт барилга барихаар бэлтгэсэн нь гарцаагүй бөгөөд суурь ухаад орхисон байна. Монгол бол залуучуудын орон. Хүн амын тал хувийг нь залуучууд эзэлдэг. Гэтэл МЗХ хэмээх хийсэн ажилгүй байгууллага монгол залуучуудын нэрийг барьж, тэдний өмнөөс шийдвэр гаргахад оролцох ёсгүй. Залуучууд ч үүнтэй санал нэгдэж байна. Тус холбооны үйл ажиллагаатай холбоотой байр суурийг нь залуучуудаас тодруулахад олонх нь нэлээд бухимдаж хүлээж авсан бөгөөд ийм байгууллага монгол залуучуудад огт хэрэггүй гэдгийг илэрхийлсэн билээ. “Монголын залуучуудын холбоо залуучуудыг төлөөлөх чадамж, эрхтэй гэж та боддог уу. Залуучуудын манлайллыг хэрхэн бий болгох вэ” гэсэн асуултад залуус хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэе.
Монголд ийм байгууллага хэрэггүй
Д.АМАРТҮВШИН (Комедиан):
-МЗХ нь нэг байшин, түүний түрээсийн төлбөрт нь болоод л үйл ажиллагаа явуулаад байгаа байгууллага шүү дээ. Улс төрийн зорилгоор л ажилладаг. Ямар нам засгийн эрх барина, тэр нь удирдлагыг нь томилдог. Нэг хэсэг Ардчилсан намынхан томилсон. Одоо МАН-ынхан удирдаж байна. Ийм байгууллага Монголд ер нь хэрэггүй. Өчнөөн олон төрийн бус байгууллага бий шүү дээ. Иргэд сонирхлын бүлгүүдээрээ хуваагдаад, янз бүрийн төрийн бус байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулж буй. Тийм байхад залуучуудын гэсэн ерөнхий нэг том байгууллага байх ямар ч шаардлагагүй. Хувь хүмүүс үзэл бодол, хүсэл сонирхлоосоо хамаараад, өөр өөрийнхөө түвшинд манлайллыг бий болгоод л явж байна. Тиймээс залуучуудын манлайллыг ерөнхийд нь нэг байгууллага сайжруулах гээд байх хэрэггүй.
Залуусынхаа ажилд саад болохгүй байя
А.БАТ-ЭРДЭНЭ (Япон Улсад амьдардаг морин хуурч, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн, олон улсын морин хуурчдын “Асар” чуулгыг үүсгэн байгуулагч):
-МЗХ огт хэрэггүй. Эндээс л залуус “цүнх барих” арга барилаа олдог. Ажил хийдэггүй, амархан баяжиж, эрх мэдэлтэй болох ашиг сонирхолтой болдог. Тус холбоонд хэнхэг дүр эсгэсэн хэсэг хүн л байдаг. Тэд нэг мэдэхэд яаманд хурган дарга болчихдог. Эсвэл нам дагаж “намирч” явдаг. Тиймээс МЗХ-г бүрмөсөн хааж, залуучуудаараа ажил хийлгэж, бие даалгах хэрэгтэй. Залуус ухаантай, соёлтой болж байгаа. Тиймээс одоо элдэв зүйлд уруу таталгүй, ажил хөдөлмөрт нь саад болохгүй байя.
Шинэчлэгдэх, өөрчлөгдөх ёстой
Д.БУМДАРЬ (Улс төр судлаач, доктор):
-МЗХ үзэл санаа, үйл ажиллагааны хувьд XXI зууны байгууллага болох ёстой. Шинэчлэгдэх, өөрчлөгдөх ёстой. МЗХ гэдэг нэртэй энэ байгууллага залуучуудын төлөө юу хийж байгаа, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр ямар асуудлыг дэвшүүлдэг вэ. Монголын залуучуудын хүсэл мөрөөдөл, нөхцөл байдлыг ойлгож, мэдэрч чаддаг уу. Цаашлаад залуучуудын хөгжилд хийсэн дүгнэлт, үнэлэлт, судалгаанд тулгуурлан, төр, засагт, олон улсад дуу хоолойгоо хүргэдэг үү гээд харвал асар дутагдалтай гэж боддог. МЗХ олон жилийн түүхтэй байгууллага. Гэтэл үйл ажиллагаа нь маш тааруу. Олон нийт, залуучуудыг төлөөлөх зорилготой цөөнгүй байгууллага манайд бий. Улс төрийн намуудад хүртэл залуучуудын байгууллага байна. Гэтэл тэдгээр нь төлөөлж байгаа хүмүүсийнхээ эрх ашиг, хүсэл сонирхолд нь хувь нэмэр болохуйц ажил төдийлөн хийдэггүй.
Шагнал нь үнэ цэнгүй гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг
Б.ПҮРЭВСҮРЭН (“Глоб интернэшнл” төвийн хуульч):
-МЗХ бол төрийн бус байгууллага. Өөрсдөө болохоор 200 000 гаруй гишүүнтэй гэдэг. Үнэхээр ийм тооны гишүүнтэй, эсэхийг мэдэхгүй. Монгол Улсад 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль баталсан. Гэтэл уг хуулийг огт хэрэгжүүлдэггүй. Төрийн болон төрийн бус аль ч байгууллагын түвшинд. МЗХ гэхэд “цүнх баригч”, нам дагасан бүлэглэлийн байгууллага болсон. Тэд Монголын бүх залуусыг төлөөлөх чадамжгүй. Төрийн бус байгууллага болохоор тэр. Хуулийн этгээдийн нэрүүдийг үзэхээр Монголын, үндэсний гэх тодотголтой нь 2000 гаруй бий. Жишээ нь, Монголын гэсэн тодотголтой нь 1100 гаруй байна. Үндэсний гэдэг нь үүнээс дутахааргүй буюу 1000 орчим байгаа. Тэдгээрийн ихэнх нь төрийн бус байгууллага. Компани ч бий. Тэдний адил МЗХ нь хэсэг бүлэг хүний сайн дураараа нэгдсэн байгууллага шүү дээ. Ерөөсөө л хуучин нийгмийн үлдэгдэл, үеэ өнгөрөөсөн байгууллага. Ардчилсан нийгэмд ийм холбоо байх шаардлагагүй. Бас МЗХ шагналыг хавтгайруулан тараадаг. Нэг байгууллагын шинэ жилээр л өчнөөнийг өгчихөж байгаа юм. Тус байгууллагын шагнал үнэ цэнгүй гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг болчихсон. Миний хувьд Монголын хуульчдын болон Монгол өмгөөлөгчдийн холбооны гишүүн. Хуульд заасны дагуу хоёуланд нь татвараа төлдөг. Үүнд харамсаад, харамлаад байдаггүй. Хэрэв би МЗХ-ны гишүүн байгаад, татвар, хураамжаа сар бүр төлдөг бол би ичнэ. Юу ч хийдэггүй, намын дуу хоолой болдог байгууллагад татвар төлнө гэдэг нь залуу хүний хувьд надад гутамшиг мэт санагдана
Бэлтгэсэн М.Оч