Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн байсан Б.Лхагважаргал, жолооч Э.Мэндсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаачийн ээжийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Дээд шүүхийн хяналтын шатны хурлаар хэлэлцэх, эсэхийг өнөөдөр шийдвэрлэхээр товложээ. 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Засаг дарга В.Рэнцэндорж албан өрөөндөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б, ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал нартай согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас дээрх газрын дарга С.Б амиа алдсан хэрэгт холбогдсон билээ. Төрийн байгууллага буюу ЗДТГ-ын өрөөнд Засаг дарга нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхаа хоёр албан тушаалтныг дуудан архи ууснаас С.Б биеэ авч явах чадваргүй болж, гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий хүнд нь мэдэгдэлгүй орхисны улмаас автомашин дотор амиа алдсан хэрэгт В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг буруутгасан юм. Тэдэнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.2-2.2 дахь хэсгийн “Тусламж үзүүлэлгүй, аюултай байдалд орхисны улмаас хохирогч амиа алдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх уг хэргийг хэлэлцээд В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргуулахаар хандсан 325 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ. Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь эсэргүүцэж, Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм. Тиймээс хохирогчийн ээж Г.У-ын өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.