Гянтболд хууль бусаар олборлож, хилээр гаргахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүнээс гэм буруутай нь анхан шатны шүүхээр тогтоогдсон нэр бүхий хүмүүс давж заалдах гомдол гаргажээ. Тэдний болон өмгөөлөгчдийнх нь бичсэн гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлын 14 хоногийн турш хэлэлцсэн юм. Улмаар гэм буруутай нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн зургаан шүүгдэгчид хорих, мөн тооны хүнд торгох ял шийтгэсэн бол таван хүнийх нь холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон билээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд найм, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад зургаа, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд дөрөв, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт хоёр, мөн компанийн захирал С.Чинбатад нэг жил гурван сар, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол 13 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм.