Япон Улс Украины нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг дангаар хязгаарлах арга хэмжээ авсантай холбогдуулан Токиотой найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээгээ Москва зогсоосон тухай ОХУ-ын ГХЯ-наас мэдэгдэв. “Манай орны ашиг сонирхолд халдах гэсэн илэрхий байр суурь баримталж буй улстай хоёр талын харилцааны суурь баримт бичигт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэж мэдэгдэлд онцолжээ.
Уг баримт бичгээс үзвэл ОХУ-ын Курилийн өмнөд арлууд болон Японы хооронд харилцан визгүй зорчих тухай 1991 оны хэлэлцээрийг, тэдгээр аралд аж төрж байсан япончууд нутагтаа эргэн их хөнгөлөлттэйгөөр очихыг зогсоох шийдвэр гаргасан байна. Тэрчлэн Курилийн өмнөд хэсэгт эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах талаар Японтой хийх яриа хэлэлцээнээс Оросын тал татгалзаж, салбарын яриа хэлэлцээнд Японы Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын түншийн статусыг сунгахгүй гэнэ. “Сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн оронд Оросын эсрэг чиглэлийг зориудаар сонгосон Токио хоёр талын хамтын ажиллагаа, Японы ашиг сонирхолд учруулсан хохирлын бүх хариуцлагыг хүлээх болно” гэж Оросын ГХЯ онцлон тэмдэглэжээ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида найрамдлын гэрээний асуудлаарх яриа хэлэлцээгээ зогсоох Оросын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж буйгаа парламентын дээд танхимын хуралдааны үеэр мэдэгдэв. Газар нутгийн асуудал, найрамдлын гэрээ байгуулах тухай Засгийн газрынх нь байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Гэхдээ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Оростой яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж Японы Ерөнхий сайд үзсэн аж. Мөн ОХУ-тай хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулах төсвийн төслийн зардлын хэмжээг танхим нь өөрчлөх бодолгүй байгааг дурдав. Ф.Кишида цаашид авах арга хэмжээний талаар нарийвчилсан дүгнэлт гаргах бодолтой байна.