Сирийн Үндсэн хуулийн хорооны бага бүлэг бараг таван сар завсарласны дараа долоо дахь чуулганаа Швейцарын Женев хотод хийж, НҮБ-ын туслалцаатайгаар уг хуулийг шинэчлэх арга замыг хэлэлцэж байна. Долоо хоногийн хугацаанд 45 төлөөлөгч (Засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгмийн тус бүр 15 төлөөлөгч) тус улсыг удирдах үндсэн зарчим, төрийн бэлгэ тэмдэг, эрх мэдлийн бүтэц, чиг үүргийг тодорхой болгох юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Гейр Педерсен тус хорооны дарга Ахмед Кузбари (Засгийн газар) болон Хади аль-Бахра (Сөрөг хүчний төлөөлөгч) нартай уулзжээ. Г.Педерсен мөн бага бүлэгт багтсан, Сирийн иргэний нийгмийн 15 төлөөлөгчтэй хэлэлцээ хийсэн гэнэ. 2018 оны нэгдүгээр сарын 31-нд ОХУ-ын Сочи хотод Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгрессын баталсан тогтоолын дагуу байгуулагдсан Сирийн Үндсэн хуулийн хороонд 150 хүн (Дамаск, сөрөг хүчин, иргэний нийгмийнхнээс тус бүр 50 төлөөлөгч) багтжээ. Тус хорооны бага бүлэг нь 45 хүнээс (Дамаск, сөрөг хүчин, иргэний нийгмийнхнээс тус бүр 15 төлөөлөгч) бүрджээ. Үндсэн хуулийн хороо нь НҮБ-ын ивээл доор Сирид бүх нийтийн сонгууль явуулсны дараа тус улсын гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулах учиртай юм.