Олон улсын парламентын холбооны 144 дүгээр чуулга уулзалт Индонезийн Бали аралд болж, тус байгууллагын гишүүн 100 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцож байна. Тус уулзалтыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нээж, холбооны ерөнхийлөгч, Португалын парламентын гишүүн Дуарте Пачеко, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар үг хэлжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг Ж.Видодо онцлоод, шинэ, сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулж, эрчим хүчний шилжилтийг бэхжүүлэхийг дэлхийн парламентын гишүүдэд уриалсан байна.