БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нарын утсаар ярилцсан яриа нь Украин, Тайваньд болсон үйл явдлуудтай холбоотой асуудлаар Вашингтон, Бээжингийн байр суурь улам зөрж буйг харууллаа хэмээн Америкийн “Politico” сонины нийтлэлд дурджээ. Украин дахь Оросын цэргийн ажиллагааг зогсоохын тулд Си Зиньпинийг нөлөөгөө ашиглахыг Ж.Байден ятгаж чадсангүй гэж уг нийтлэлд бичсэн байна. АНУ-ын засаг захиргааны мэдээлснээр тэдний яриа мэдээлэл сайтай байсан бөгөөд гол төлөв Украин дахь цэргийн ажиллагааны тухай байсан юм. Үүний сацуу хямралыг гүнзгийрүүлэхэд, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох замаар АНУ-ын гүйцэтгэж буй үүргийг, тэрчлэн байлдааны ажиллагаатай холбоотойгоор ОХУ-д тусламж үзүүлбэл Хятадын эсрэг АНУ хориг арга хэмжээ авахаар заналхийлж буйг Си Зиньпин санаачлан хийсэн яриандаа шууд бусаар шүүмжилсэн байна. Нийтлэлд тэмдэглэснээр ингэж бухимдсан нь удирдагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн цахим уулзалтын дараах сайн санааны илрэл шавхагдсаныг харуулжээ. Энэ нь Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг болон бусад орон дахь Хятадын нөлөөг эсэргүүцэхийн тулд Ж.Байдены засаг захиргаа холбоотнуудаа дайчлах замаар БНХАУ-ын эсрэг чиглэсэн бодлого баримталж байгааг батлах бололтой. Тус хэвлэлд тэмдэглэснээр уулзалтын дараа Америкийн талын нийтэлсэн мэдэгдэл нь Украины хямралыг зохицуулахад Си Зиньпинийг илүү идэвхтэй, ашигтай байр суурь луу түлхэх талаар дорвитой ахиц дэвшил гараагүйг харуулж байна.