Энэтхэг, Балба, Төвдийн хилийн заагт газар хүчтэй хөдөлсний улмаас 48 хүн нас барсан тухай “The Times of India” сонинд мэдээлсэн байна. Өнгөрсөн ням гаригийн орой болсон газар хөдлөлтийн үеэр үүрэн телефоны сүлжээ доголдож, цахилгаан дамжуулах шугам гэмтсэн аж. Энэтхэгийн Сикким, Бихар зэрэг мужид газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн хэмээн эх сурвалжид онцолжээ.
Цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид өсөж магадгүй гэнэ. Учир нь зарим хот сууринд цахилгаан, гар утасны сүлжээ доголдсон тул учирсан хохирлын талаар мэдээлэх боломжгүй байгаа юм. Харин Балбын нийслэл Катманду дахь Их Британийн Элчин сайдын яамны гаднах хана нурж, таван хүн нас барсан байна. Газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд, голомт нь Энэтхэгийн Гангток хотоос 72 км зайд байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Х.ОД