Ираны шоронгоос суллагдсан, Британийн иргэн Назанин Загари-Рэтклифф, Ануше Ашури нар эх орон руугаа буцсаныг “Reuters” агентлаг мэдээлэв. Тэд Баруун Оксфордшир дахь Британийн цэргийн Бриз Нортон баазад ирсэн байна. Загари-Рэтклифф 2016 онд Иранд одоогийн Засгийн газрыг түлхэн унагах улс төрийн хуйвалдаанд оролцсон хэргээр таван жилийн хорих ял шийтгүүлж, дараа нь өөр хэрэгт буруутай нь тогтоогджээ. 2017 онд баривчлагдсан бизнесмен А.Ашурийг 2019 онд Израилын тагнуулын албатай хамтран ажилласан хэргээр 12 жил хорихоор шийтгэсэн юм. Тэднийг суллах хэлэлцээ олон жил үргэлжилсэн. Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассын хэлснээр өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцэгчдийн тусгай багийг Тегеран руу илгээснээр хэлэлцээ идэвхтэй үе шатанд орсон байна. 1979 онд Шахын дэглэмийг түлхэн унагасны дараа Британиас Иранд нийлүүлэхээс татгалзсан “Chieftain” танкийн 400 сая фунт стерлингийн (520 сая ам.доллар) өрийг барагдуулах яриа хэлэлцээ ч тухайн үед болжээ. Л.Трассын хэлснээр энэ өрийг Британи болон олон улсын хориг арга хэмжээ, дүрэм журмын дагуу төлсөн бөгөөд Иран хүлээн авсан хөрөнгөө зөвхөн хүмүүнлэгийн бараа худалдан авахад ашиглах боломжтой аж.