АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Ричард Уэст эрүүл мэндийн даатгалын салбарт луйвар хийсэн компанийг илрүүлсэн тул түүнд 15.4 сая ам.долларын шагнал олгожээ. Вьетнамын дайны ахмад дайчин тэрбээр долоон жил энэ хэргийг мөрдсөний дүнд тэдний хууль бус ажиллагааг илрүүлсэн байна. 2004 онд тэрбээр шүдний эмчид хандсан байна. Эмнэлгийн ажилтнууд түүнд “Ахмад дайчдад үзүүлдэг хөнгөлөлтийн квот дууссан учир үнэгүй эмчилж чадахгүй” гэсэн аж.
Ахмад дайчид, хөгжлийн бэрхшээлтэй болон бага орлоготой иргэдэд зориулсан хөнгөлөлтийн талаар тэрбээр судалж эхэлсэн байна. Эцэст нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг “Maxim Healthcare” компани иргэдэд хөнгөлөлттэй үйлчилсэн хэмээн улсаас их хэмжээний мөнгө завшдаг байсныг илрүүлжээ. Долоон жил хугацаанд энэ талаар хангалттай материал цуглуулсны дүнд тэрбээр уг компанийг шүүхэд өгсөн аж.
Америкийн 40 мужид 360 салбартай энэ компани хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлсэн хэмээн улсын төсвөөс 61 сая ам.доллар авсан байсныг прокурорынхан тогтоожээ. Холбооны мөрдөх товчооны хяналтад ороод байгаа “Maxim Healthcare” компани үйлчлүүлэгчдэдээ 121 сая ам.доллар, Ахмад дайчдын эрхийг хамгаалах байгууллагад 20 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна