Охидын ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгох тухай асуудал саяхан олон нийтийн анхааралд өртсөн. Зарим хүн үүнийг дэмжсэн бол нэг хэсэг нь огт хэрэггүй, шаардлагагүй шийдэл гэж эсэргүүцэж байлаа. Үндсэндээ энэ нь манай улсын хувьд өмнө нь төдийлөн хөндөгдөж байгаагүй шинэ сэдэв. Өөрөөр хэлбэл, үргэлж хаалттай байсан, ярих ёсгүй, ичгэвтэр явдал мэтээр үздэг зүйлийг төрийн бодлогын түвшинд хөндөн гаргаж ирснээрээ нэлээд маргаан дагуулсан. Харин олон улсад үүнийг охид, эмэгтэйчүүдийн хувьд сонгох, татгалзах боломжгүй жам ёсны зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, хүйсийн тэгш эрхийг хангахын тулд ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй болгох нь зүйтэй гэдэг санал, санаачилга гарах болсон. Тухайлбал, НҮБ-аас охидын сурч боловсрох эрхийг хангах шаардлагуудын нэг нь ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжийг сайжруулах гэж үздэг. Тиймээс НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос манай улсад “Period UB” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд Баянзүрх дүүрэг дэх 79, 87, 120, 147, 148 дугаар сургуульд ариун цэврийн хэрэглэлтэй хайрцгуудыг байрлуулав. Охид энэ хичээлийн жил дуустал уг хайрцгаас ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй авах боломжтой юм. “Period UB” төслийг уг нь 2020 онд эхлүүлсэн ч цар тахлын улмаас хэрэгжүүлэх боломж хязгаарлагджээ. Тиймээс одоо л сургуулиудад хайрцгаа байрлуулж байгааг төслийн багийнхан онцолсон. Энэхүү төслийн агуулга, цар хүрээ нь зөвхөн охидод ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй өгөхөөр хязгаарлагдахгүй. Харин сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг олон нийтэд, ялангуяа хүүхдүүдэд түгээхэд чиглэжээ.
Бэлтгэсэн: М.Оч