“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагынхан хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан сэргээн засах төв байгуулахаар ажиллаж байна. Тэд энэ талаар төсөл бичиж, Австралийн ЭСЯ-наас зарласан уралдаанд оролцсоноор шаардлагатай санхүүжилтээ шийдүүлэхээр болжээ. Тодруулбал, тус ЭСЯ Монгол, Австрали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй таван байгууллагын төсөлд 500 мянган австрали долларын дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд үүнд дээрх санаа¬ чилга багтжээ. Эл байгууллагынхнаас төслийн талаар тодруулахад “Өнгөрсөн бямба гарагт уралдааныхаа батламжийг албан ёсоор гардлаа. Санхүүжилт шийдэгдсэн гэсэн үг. Зургадугаар сар гэхэд төслийн ажлыг эхлүүлнэ. Сэргээн засах төвийг нийслэлээс алслагдсан газарт байгуулахаар төлөвлөж буй” гэлээ. Ташрамд дурдахад, “Хавдрын үндэсний зөвлөл”-ийнхөн орон нутгаас ирсэн хавдартай өвчтөн, тэдгээрийн гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан “Дарь-Эхийн өргөө” түр байрыг 2019 онд байгуулсан нь өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ нь 14 өрөөтэй, нэг доор 30 гаруй хүн хү¬ лээж авах чадалтай бөгөөд насанд хүрэгчид байрласан хугацааныхаа урсгал зардлыг төлдөг бол бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй байлгадаг гэнэ. Тэрчлэн хавдартай, өндөр настай хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад хүргэдэг дуудлагын автомашины үйлчилгээ нэвтрүүлжээ. Хорт хавдартай хүүхдийн сэргээн засах төв барих санаачилга нь эл байгууллагынхны хувьд бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх гэж буй анхны томоохон төсөл аж.
Бэлтгэсэн: Ж.Мишээл