1998-2001 онд дэлхийн 85 оронд 300 мянган хүүхэд дайн, зэвсэгт халдлага, мөргөлдөөнд оролцож байсан гэсэн статистик бий. Цэрэг хүүхдүүд голдуу 15-18 настай, зарим нь түүнээс ч бага, бүр 7-13 настай байсан гэх мэдээлэл байна. Тэдний дийлэнх нь Латин Америк, Дундад Ази, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад амьдарч байжээ.
-Чи хүний амь хөнөөсөн үү?
-Үгүй.
-Зэвсэгтэй байсан уу?
-Тийм ээ.
-Хүмүүс рүү онилж байв уу?
-Тэгэлгүй яахав.
-Буудсан уу?
-Буудсан...
-Тэгээд юу болсон бэ?
-Бүгдээрээ л унаад байсан. (“World Press Review”, 1996 оны нэгдүгээр сар) Галт зэвсэг гэж үгүй байхад, өөрөөр хэлбэл сэлэм, жадаар дайтдаг байхад тулаан бол томчуудын ажил, тэр тусмаа эрчүүдийн үйл хэрэг байв. Арван хэдэн настай хүүхэд төмөр сэлэм бариад томчуудын өмнөөс дайтаж чадна гэж үү. Харин одоо бол өөр. Хүүхэд “АК-47” ч юм уу, “М16” бууг насанд хүрэгчидтэй адилхан ашиглаж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэтэл энэ буу нуудыг хэчнээнийг үйлдвэрлэдэг гээч.
Жилд ойролцоогоор 55 саяыг. Африкийн зарим улсад “М16” бууг ердөө зургаан ам.дол лараар худалдаад авчихаж болдог гэнэ. Хямдхан зэвсэг байгаа биз. Тэгэхээр хямдхан цэрэг хэрэгтэй. Хүүхдүүдийг хуурах амархан. Тэд гэнэн, бусдын үгийг дагадаг, хамгийн гол нь хямд. Тэдэнд томчуудтай адил их мөнгө төлөх шаардлагагүй, бага иднэ, тэд үхэл гэдгийн мөн чанарыг магадгүй мэдэхгүй (Томчууд ч гэсэн мөн чанарыг нь мэдэхгүй л дээ, гэхдээ ядаж төсөөлөл бий). “Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд үүнээс өөрөөр амьдарч болно гэдгийг төсөөлдөггүй. Өнчирч ганцаардсан, айдаст автаж яахаа мэдэхээ больсон хүүхдүүдэд дайтах нь аврал юм шиг санагддаг. Түүнээс гадна цэргүүд тэдэнд гэр бүлийг нь орлож байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Жейсон Лодбраж ярьжээ.
Зарим тохиолдолд нийгэм дэх шударга бус байдал, төрөлх хэл, шашин, соёлоо авч үлдэхийн тулд дайтах ёстой гэж багачууд ойлгодог гэнэ. Зүүн өмнөд Азийн цэрэг-хүүхдүүдийн талаар судалгаа хийж байсан нийгмийн антропологч Брайен Милн “Хүүхдүүдийг дайнд уриалж, тэдэнд ухуулга хийх шаардлагагүй. Зүгээр л хэнийг нь дагавал зөв бэ гэдгийг хэлээд өгчихдөг” гэж онцолсон юм. Хэрсүү жаалуудыг харин хэцүүхэн сорилт хүлээнэ. Африкийн орнууд, Мексик, Ойрхи Дорнодын гэмт бүлэглэлүүд хүүхдүүдийг цэрэг болгохын тулд тэдэнд согтууруулах ундаа, хар тамхи өгдөг аж. Мөн тэднийг зодож, хүч хэрэглэх нь ч бий. Эхлээд амьтдыг тамлаж сургах, дараа нь хүмүүсийг гээд шаталсан “сургалт” явуулдаг тухай эх сурвалжуудад мэдээлдэг. Халуун цэгүүдэд сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр сая орчим хүүхэд амь үрэгдсэн, зургаан сая орчим нь хүнд шархадсан хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ. Амь үрэгдсэн хүүхдүүдийн хагас сая гаруй нь Колумб, Шри-Ланк, Турк, Чечень, Афганистан, Иракт дайтаж байжээ. Харин Төв болон Баруун Африкт арван хүүхдийн нэг нь гэмт бүлэглэлийн гишүүн болдог аж. Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 онд Ардчилсан Конгод цэргийн алба хааж байсан хүмүүсийн тал хувь нь (30 мянга) 14-16 насныхан байжээ. Уганда, Либерт энэ тоо арай бага. Гэхдээ тэнд цэрэг хүүхдүүдийн дийлэнх нь 8-13 настай байсан аж. Угандад 1980-аад онд дэгдсэн дайнд 30 гаруй мянган хүүхэд оролцсон тухай НҮБ-аас гаргасан судалгаанд тэмдэглэсэн.
АМИА ЗОЛИОСЛОГЧДЫН ЭРИН БУЮУ ЛАЛЫН ШАШИНТ ЖААЛУУД
Олон мянган нууц баримтыг нийтэд дэлгэсэн “WikiLeaks” цахим хуудас өнгөрсөн тавдугаар сарын эхээр дахин шуугиан тарьсан билээ. 5-8 настай хүүхдүүдийг амиа золиослогч болгодог Пакистаны гэмт хэргийн сүлжээг Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын иргэд санхүүжүүлдэг тухай тус цахим хуудсанд нийтэлсэн. Персийн булангийн тэрбумтнууд жилд 100 сая ам.доллар “ариун дайн”-ы бэлтгэлд цацдаг хэмээн “WikiLeaks” онцолжээ. Амиа золиослогч хүүхдүүдийг хэрхэн бэлтгэж байгааг харуулсан бичлэг “Youtube”-ээс хэдэн мянгаараа олдоно. Лалын шашинт орнуудад хүүхэд, эмэгтэйчүүдийн статус, үнэ цэнэ эрэгтэйчүүдийнхээс доогуур. Тиймдээ ч өрнийнхний эсрэг тэмцэлд хүүхэд, эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах болжээ.
Ойрхи Дорнод, Чечень, Узбекистан тэргүүтэй Дундад Азийн зарим улсад жихад буюу амиа золиослогчийн нууц сургууль олон байдаг аж. Лалын шашинд эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцааг эрхэмлэн үздэг. Тухайлбал, эцэг эхийнхээ итгэлийг алдах, тэдний үгнээс зөрөх, ах дүүсээсээ урвахыг хатуу цээрлэнэ.Ариун дайн, нэр төр гэдэг үг хүүхдэд ойлгомжгүй санагддаг бол аавынхаа өшөөг авах,ахынхаа захиасыг биелүүлэх гэдэг тэдний хийх ёстой зүйл. Эцэг эхийнх нь нэрийг барьж хүүхдийг нь амиа золиослогч, цэрэг болгох нь хамгийн энгийн арга байж мэднэ. Түүнээс гадна ном сонин, интернэт хүүхэлдэйн киногоор дамжуулан тэднийг "тархийг угааж" болно. "Аль-Каида" бүлэглэлийнхэн амиа золиослогч болохыг уриалсан хүүхэлдэйн киног интернэтээр цацсаныг өнгөрсөн долдугаар сард ВВС мэдээлжээ. Ийм төрлийн тоглоом, комикс ч бий. Израиль, Чечень, Иракт халдлага зохион байгуулж байсан хүмүүсийн дунд насанд хүрээгүйчүүд, тэр дундаа эмэгтэй хүүхэд олон байдаг талаар гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байв.
АМЬДРАЛД ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ
Баруун Африкийн орнуудад ажилладаг хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд “Үхэл, хагацал үзэж, хүний амь хөнөөж сурсан хүүхдүүдийн дийлэнх нь хар тамхинд донтсон, сэтгэл зүйн хувьд гүн дарамтад орсон байдаг. Тэд амьдралд эргэн ирж бусадтай адил аж төрнө гэдэг үнэхээр хэцүү. Дайнд оролцож байсан 100 хүүхдийн гурав нь шинэ амьдралд дасаж, жирийн иргэн болдог. Дийлэнх нь архинд орж, шоронд сууж эсвэл амиа хорлодог” гэж ярьсныг “Sky news” дамжуулжээ. Хүүхдийг цэрэг, амиа золиослогч болгох, тэднийг гэмт хэрэгт уруу татаж буйтай тэмцдэг байгууллага цөөн биш.
НҮБ-ын Хүүхдийн сан, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд энэ талаар судалгаа хийж, олон оронд сургалт, семинар зохион байгуулдаг. Түүнээс гадна 16 нас хүрээгүй хүүхдийг цэрэгт татахыг хориглосон хууль бараг улс орон бүрт байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах “Coalition To Stop The Use of Child Soldiers” эвслийн зохицуулагч Кейси Келсо “Хүүхдийг дайны үйл ажиллагаанд оролцуулахыг хориглосон олон улсын протоколд одоогийн байдлаар 111 улс нэгдсэн. Гэхдээ гуравдагч ертөнцийн гэгддэг 65 улсад цэрэг хүүхдүүд байсаар байна” гэжээ. ...XXI зуун гарлаа. Хүмүүс иргэншиж, соёлжиж, интернэтжиж, бүрэн машинжлаа. Гэтэл ойндоо ч хүрээгүй бяцхан хүүхдэд цэргийн хувцас өмсүүлээд, буу бариулчихсан сууна. Цэрэг жаалууд, амиа золиослогч хүүхдийн тухай өнгөрсөн бус одоо цаг дээр яригдсаар байна... Үнэгүй амь, хямд хэрэгсэл, томчуудын ашиг сонирхлын золиос болсон хүүхдүүдийн арми тэлсээр.
Х.ОДОНЧИМЭГ