“Бээжин-2022” паралимпийн наадам энэ сарын 3-14-нд болж өндөрлөлөө. Наадмын сүүлийн өдрүүдэд болсон онцлох уралдаан тэмцээний тоймоос сонирхуулъя.
• Уулын цанын слалом (харааны бэрхшээлтэй тамирчид) төрөлд эгч дүү Вероника, Барбара Агнер нар алт, мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ Вероникагийн хөтчөөр энэ удаад Элизабет эгч нь ажиллаж, дүүгийнхээ амжилтад чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Сонирхолтой нь баасан гарагт болсон жайнт-слаломын төрөлд Вероника түрүүлж, Барбара хүрэл медаль хүртсэн юм.
•Австрийн К.Эдлингер зам заагч нохой Райлигийн хамтаар “Бээжин-2022”-ын хамгийн сэтгэл хөдөлгөм баатруудын нэгээр тодров. Райли харааны бэрхшээлтэй эзнээ гүйлтийн цанын спринт төрөлд аваргалж, олимпын наадмаас анхны алтан медалиа хүртэхэд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. “Хятадад ирэхэд хамгийн чухал нь нохойгоо хилээр оруулах байлаа. Хэрэв нохойг минь хил нэвтрүүлэхгүй гэсэн бол би шууд гэртээ харих байсан. Намайг муу уралдсан ч нохой минь надад эрхлэхээр ирдэг. Райли надад алтнаас ч үнэтэй” гэж К.Эдлингер ярьжээ.
Алтан медаль хүртэхээсээ өмнө К.Эдлингер дундын зайн төрөлд хүрэл медаль хүртээд байсан юм. Эцэст нь өгүүлэхэд, энэ удаагийн олимпын наадамд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Райлид паралимпийн тусгай медалийг гардуулсан гэнэ.
• Хятадын цаначид гүйлтийн цанын зургаан төрлийн гуравт нь түрүүлжээ. Тэдний эл амжилтад гурван алтан медаль хүртсэн Ян Хонкион гол үүрэг гүйцэтгэсэн байна.
• Пара биатлоны төрөлд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн О.Мастерс (АНУ) гүйлтийн цанын төрлөөс гурван мөнгөн медальтай нутаг буцлаа.
• Пёнчаны олимпын аварга БНХАУ-ын көрлингийн баг аварга цолоо хамгаалав.
• Шайбтай хоккейн төрөлд анх удаа оролцсон Хятадын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод БНСУ-ын багийг 4:0-ийн харьцаатай хожиж, шуугиан тарилаа. Харин 2018 онд Пёнчаны шигшээ тоглолт энэ удаад давтагдаж, аваргын төлөө АНУ, Канад хүч үзэв. Өмнөх олимпын аварга АНУ-ын баг Бээжинд ялагдал амсаагүй байгаа бол Канадын баг ганцхан удаа буюу хэсэгтээ хойд хөршүүддээ хожигдсон юм. Гэхдээ сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид алтан медалийн төлөөх тоглолт дуусаагүй байв.
• Канадын гүйлтийн цаначин Б.Маккийвер харааны бэрхшээлтэй тамирчдын дундын зайд түрүүлснээр 16 дахь алтан медалиа хүртэж, паралимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн хоёр эрэгтэй тамирчны нэг боллоо. Түүнээс өмнө эл амжилтад Германы пара уулын цанын домогт тамирчин Г.Шонфелдер хүрч байсан юм. Өдгөө 42 настай Б.Маккийвер 2002 оны олимпоос хойш 20 медаль хүртээд байна. Тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа “Олимпод оролцож буйдаа баяртай байна. 20 жилийн турш паралимпийн нэг хэсэг байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж ярьжээ. Гэхдээ тэрбээр багийн буухиа уралдаанд түрүүлбэл герман тамирчны амжилтыг эвдэнэ. Ингэснээр түүхэн дэх хамгийн амжилттай паралимпийн эрэгтэй тамирчин болох юм.
• Энэ удаагийн олимпоос БНХАУ, Украин, Канадын баг хамгийн олон медаль хүртлээ.
Бэлтгэсэн Н.Энх