Өнгөрсөн онд хийсэн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг системд шилжээд буй. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үнийн ямар нэг хязгаарлалтгүйгээр авах боломж бүрдсэн. Үүнээс үүдээд дээрх газрын Хэрэглэгчидтэй харилцах төвийн ачаалал эрс нэмэгдэж, 1800-1363 тусгай дугаарт ирэх дуудлагын тоо ихэсжээ. Долоо хоногт дунджаар 4000-6000 дуудлага хүлээн авч, 200-300 хүнд биечлэн үйлчилдэг гэнэ. Ачааллаас үүдээд зарим тохиолдолд дуудлага тасрах, холбогдож чадахгүй байх тохиолдол олон аж. Тиймээс тус байгууллага техникийн өргөтгөл хийхээр болжээ. Ингэснээр үйлчлүүлэгчид хэрэгцээт мэдээллээ зурвасаар хүлээн авах боломж бүрдэх нь. Тэрчлэн шугам чөлөөгүй үед дуудлагыг автоматаар бүртгэж, мэдээллийн ажилтан тодорхой хугацааны дараа эргэн холбогдох шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.