Бага насны хүүхдүүд менингитээр өвчлөх нь эрс нэмэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Голчлон хүүхдүүд халдварладаг уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, биеийн байдал нь богино хугацаанд хүндэрдэг аж. Эл өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, ядарч, сульдан, их хэмжээгээр бөөлждөг. Мөн толгой, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, хурц гэрэл, дуу чимээ зэрэгт хэт мэдрэг хандах шинж тэмдэг илэрдэг гэнэ. Үүний зэрэгцээ дээр дурдсан шинж тэмдгүүд илэрснээс хойш 1-2 цагийн дотор биеэр нь цусархаг тууралт гардаг юм байна. Менингит нь агаар дуслын замаар болон бохир гар, хүнсний зүйлсээр дамжин халдварладаг тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлааг дэмжих, хоолойг нь тогтмол зайлах, дулаан хувцаслах зэрэгт анхаарах шаардлагатай аж. Мөн менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөлөө. Түүнчлэн хүүхдэд уг өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандах хэрэгтэй гэв. Ялангуяа 0-5 настай хүүхдүүдийг онцгой анхаарч, хурдан эмчлүүлэх шаардлагатай юм байна.