Украины эргэн тойронд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзээд Гүрж, Молдавын эрх баригчид Европын Холбоонд хандаж, түргэвчилсан журмаар тус байгууллагад гишүүнээр элсэхээр хүсэлт гаргасан орнуудын статус олгохыг хэдхэн хоногийн өмнө уламжлав. Украин ийм хүсэлтийг хоёрдугаар сарын эцсээр гаргасныг бид мэднэ.
“Манай иргэдэд эрх чөлөө, ардчилал, Европын ирээдүй бий болгохын тулд бид өнөөгийн нөхцөл байдалд хурдан шуурхай, тодорхой хөдлөх ёстой” гэж Молдавын Ерөнхийлөгч Майя Санду мэдэгдэв. Молдавын ард түмэн Европын улсуудын гэр бүлд тогтвортой, цэцэглэн хөгжсөн ирээдүй байлгахын тулд шаргуу хөдөлмөрлөхөд бэлэн гэж хатагтай Майя Санду бас хэлсэн байна. Европын Холбооны интеграцад хамрагдах үйлс одоо хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Евроинтергац нь чөлөөт ертөнцийн нэг хэсэг байх чухал баталгаа болохыг Украинд тохиолдсон үйл явдлууд харууллаа гэж тэрбээр үзжээ. Европын Холбоонд нэгдэх нь Молдавын суурь зорилт, ард түмнийх нь сонголт гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ улс Европын Холбоотой ойр байхыг зөвшөөрч 2014 онд хэд хэдэн үүрэг өөртөө хүлээжээ. Европарламенын депутат Зигфрид Мурешан “Манай улс 70 мянган дүрвэгч хүлээн авч идэх хоол, унтах байраар хангаж, Засгийн газар, Ерөнхийлөгчийнхөө удирдлагаар Европын Холбооны үзэл санаа, үнэт зүйлд нийцүүлэн ажиллаж байна. Европын Холбооны аюулгүй байдлыг сахихад Молдав, Украин хоёр чухал хэрэгтэй учир түүний гишүүн болох боломж олгоё” гэж Европарламентын индрээс уриаллаа. Молдав хүсэлтээ энэ сарын 3-нд Европын Холбоонд өгсөн юм. Тус улсын Парламентын дарга Игорь Гросу ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Парламентын хийгээд Ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуульд санал өгөхдөө Европын интерграцыг сонгож буйгаа манай иргэдийн олонх нь илэрхийлснийг би Европын Холбооны дээд комиссарт тодорхой хэлсэн. Бид дэмжиж чадна, тусалж чадна, бид сонор соргог, зохион байгуулалттай байж чадна” гэсэн байна. Тэрбээр Кишинёв иргэдийнхээ эрх ашгийг удирдлага болгож Оросын эсрэг тавьсан Европын холбоо, АНУ-ын хоригт нэгдэхгүй гэдгээ нэмж хэлжээ. Молдав улс Оростой тогтоосон хэлхээ холбооноос, түүний дотор эрчим хүчний салбарт хэт хамааралтай байдаг учраас ийм шийдвэрийг эдийн засгийн бодлогоор гаргасан юм гэж Гадаад хэргийн сайд Николай Попеску урьд нь мэдэгдэж байв.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Моррельтэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнгээр Майя Санду мэдэгдэхдээ Евроинтеграцад нэгдэх үйл явцыг түргэсгэх сэдлийг Украины байдал Кишиневт өгснийг мэдэгдэж байсан юм. Европын Холбоо Молдавт 20 сая еврогийн тусламж үзүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад нь туслах боломжтойгоо илэрхийлж байв. Кишинев Европын Холбоонд орохоор төлөвлөж буйг төрийн тэргүүн нь өнгөрсөн оны эцсээр “Reuters” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байдаг. Тэгэхдээ “Хэзээ нэгэн цагт элсэх хүсэлтэй” гэж үзэж байсан бол одоо үүнийг яаравчилж байна. Түүнээс гадна “харамсалтай нь” манай газар нутаг дээр Оросын цэргүүд одоо хэр нь байдаг гэсэн нь 1992 онд цус урсгасан зэвсэгт тэмцлийг зогсоох гэж Оросын энхийг сахиулах цөөн тооны цэрэг оруулсныг хэлсэн хэрэг. Молдавын удирдагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Румын Улсын сэтгүүлчтэй ярилцахдаа НАТО-д нэгдэх асуудлыг бид ярихгүй, төвийг сахисан байр суурьтай байхаа Үндсэн хуульдаа тусгасан гэж хэлсэн байдаг. Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили улсаа Европын Холбоонд элсүүлэх хүсэлтэд гарын үсэг зураад “Европын интеграцад нэгдэх замын чухал үе шат, манай түүхэнд шинэ хуудас нээж буй түүхэн өдөр” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээс үзвэл Гүржийн ард түмэн хэзээнээс Европын чиг баримжаатай, Европыг ирээдүйгээ гэж үзэж ирсэн аж. Уг нь Гүрж Европын Холбоонд элсэх хүсэлтээ 2024 онд өгөхөөр төлөвлөж байж. Тэгснээ улс төрийн байдлаас шалтгаалж энэ үйл явцыг хурдлуулахаар шийдсэн гэж эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын тэргүүн Ираклий Кобахизе тайлбарлалаа. Сөрөг хүчний намууд ч үүнийг дэмжсэн байна. Гүрж улс 2009 оноос Европын Холбооны “Дорнын түншлэл”-ийн гишүүн байгаа. 2014 онд энэ Холбоотой гэрээ байгуулсан юм. Гүржийн иргэд 2017 оноос Шенгенийн бүсийн орнуудад визгүй зорчих боломжтой болсон. Молдав, Гүржийн эрх баригчид бий болсон нөхцөл байдлыг ашиглахаар шийдэж, Украины далимаар өөрийн улс төр, эдийн засгийн асуудлаа нэг тийш болгохоор зориглолоо гэж Оросын Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин сурвалжлагчтай ярилцахдаа тэмдэглэсэн байна. “Энэ бол урьдчилан таамаглаж болохуйц үйлдэл. Молдав, Гүрж хоёр Украинд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаад үзээд алдахаар шийджээ. Тэдний хүсэл биелнэ гэдэгт би эргэлзэж байна. Яагаад гэвэл Европын Холбоонд багтахын тулд бүхэл бүтэн хэм хэмжээг биелүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл Молдав ч, Гүржид ч гайхуулах юм байхгүй. Түүнээс гадна хоёул нутаг дэвсгэрийн ноцтой асуудалтай” гэж Мухин үзэж байна. Судлаач Дмитрий Суслов “Украины эргэн тойронд бий болсон нөхцөл байдал, түүнийг Европын Холбоонд элсүүлэхийг түргэвчилсэн журмаар хэлэлцэх нь Гүрж, Молдавын хувьд даруйхан харайж орох цонх юм” гэж үзэж байна. Тэрбээр ЗХУ задарсны дараах орон зайд бий болсон аль ч улсыг түүний дотор Украин, Гүрж, Молдавыг Европын Холбоонд элсэхийг Орос эсэргүүцэхгүй, харин тус холбооны байр сууринаас хандвал эдгээр улсын найдвар биелэх нь юу л бол гэсэн бодолтой байна. “Украин ойрын ирээдүйд Европын Холбоонд орохгүй, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орон ч ялгаагүй” гэлээ. Дмитрий Суслов хэлж байгаа юм.
Молдав, Гүржийн аль аль нь юуны түрүүнд Европын эдийн засгийн дэмжлэг авахаар тооцож буйд Суслов эргэлзэхгүй байгаа аж. Украин, Молдав, Гүржийн хүсэлтийг Европын Холбоо энэ сарын 7-ноос албан ёсоор авч үзлээ. “Украины эсрэг Оросын өдөөсөн дайны нөхцөлд энэ алхам бэлгэ тэмдгийн шинж чанартай. Ердөө л эхний алхам нь. Энэ үйл явц олон жил үргэлжилж болзошгүй, үр дүнг нь огт баталгаажуулахгүй” гэж ВВС мэдээлсэн. Одоогоор Албани, Умард Македони, Серби, Турк улс Европын Холбоонд элсэхээр албан ёсны нэр дэвшигч гэгдэж буй, элсүүлэх хугацаа алинд нь ч тодорхой болоогүй байгаа юм.
Европын Холбоог 1992 оны Маастрихтын гэрээгээр бүс нутгийн интеграцыг хөгжүүлэх зорилгоор байгуулж 1993 оны арваннэгдүгээр сарын 1-нээс уг шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Одоо тус холбоо 4.23 сая ам километр газар нутагтай 27 гишүүн оронтой. Үүнд, Австри, Бельги, Болгар, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони улс ордог. Эдгээрээс Бельги, Баруун Герман, Итали, Люксембург, Нидерланд, Франц эхний гишүүд нь юм. Эд Европын Холбоо байгуулах анхны алхмыг 1951 онд хийсэн. Гишүүнээр элсэх хүсэлтэй орнууд ардчилсан зарчим баримталдаг, эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэдэг, эрх зүйт төртэй байх ёстой байдаг. Түүнчлэн тухайн улс өрсөлдөх чадвартай зах зээлийн эдийн засагтай байхыг шаарддаг.
Тус холбоо нь парламент, Сайд нарын зөвлөл, Европын зөвлөл, комисс, шүүх гэсэн улс төрийн бүтэцтэй. Европын зөвлөл нь улс төрийн дээд байгууллага нь бол Европын комисс нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Европын Холбооны зөвлөл нь (Сайд нарын зөвлөл) Парламентын зэрэгцээ хууль тогтоох хоёр байгууллагын нэг нь юм.
2020 онд Британийг Холбооноос гарахаас өмнө Европын парламент 751 депутаттай (одоо 705 болсон) байв. Тэднийг таван жилийн хугацаагаар гишүүн улсууд нь сонгодог. Парламентын даргыг 2.5 жилээр сонгодох аж. Сүүлчийн сонгууль нь 2019 онд болжээ. Шүүх нь хуралдаанаа Люксембургэд хийдэг, гишүүн орнуудын болон инститүтүүд хоорондын санал зөрөлдөөнийг шийдвэрлэдэг. Түүний шийдвэрийг Европын Холбооны нутаг дэвсгэр дээр заавал биелүүлэх үүрэгтэй. Шийдвэр биелүүлээгүй улсад торгууль ногдуулах эрхтэй. Шүүх гишүүн улс тус бүрээс сонгогдсон гишүүдээс бүрдэнэ. Тус холбооны хэмжээнд англи, болгар, унгар, грек, дани, ирланд, испани, итали, латви, литва, мальта, герман, нидерланд, польш, португал, румын, словак, словени, фин, франц, хорват, чех, швед, эстони гэсэн 24 хэл эрх тэгш хэрэглэгддэг. Британийг гишүүн байх үеийн байдлаар тус Холбоо 50 мянгаас дээш хүнтэй 811 хоттой байв. Тэдгээрийн тав (Афин, Парис, Ром, Мадрид, Берлин) нь тус бүр хоёр саяас дээш оршин суугчтай, аравт (Кёльн, Прага, Софи, Милан, Мюнхен, Барселон, Будапешт, Бухарест, Варшав, Гамбург, Вена) нь тус бүр нэг сая гаруй хүн амьдарч байсан дүн бий. Европын Холбооны цэргийн гол эвсэл нь Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО) хэмээх Засгийн газар хоорондын бүтэц юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант